Цэрэг татлага гэдэг чинь шоронд явуулж байгаа юм шиг яасан ч муухай дэг жаягтай юм бэ!

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа цэрэг татлагад хамрагдсан залуусыг БХЯ төмөр замын ажилд дайчлахаар болоод буй.
Цэрэг татлагын талаар цэрэгт хүүгээ үдсэн ээжийн сэтгэгдлийг хүргэж байна.
Цэрэгт мордоно гэдэг чинь шоронд явуулж байгаа юм шиг яасан ч муухай дэг жаягтай юм бэ. Түй түй муу ёр. Өдөржин л төмөр хашааны цаана харуулдан зогсдог юм байна.
Үдэн гаргаж байгаа ар гэрийнхэнд нь хүлээлгийн орчин бүрдүүлэх, үгүй ядаж урт вандан сандал тавиад өгчихөд болохгүй ч юу байхав. Цагдаа нар хүмүүс рүү муухай хараад хаалга үүд сахьчихсан. Аятай таатай харвал цагдаа биш болчих гээд байдаг юм уу.
Хаалт хашилт энэ тэр нь сарзайж ёрдойсон төмөр, онгойж хаах бүртээ хяхтнаж дуугараад эвгүй гэдэг нь. Хаалга руу жаахан дөхөж очихоор хөөж туугаад байх.
Тэгсэн мөртлөө тэнд ажил шалгаж л яваа юм байлгүй хотын орлогч эрэгтэй даргад тэп тапхийтэл ёслоод мөргөх нь халаг сүйд. Дарга хүн бол хүн мөн, цэрэгт татагдаж байгаа залуусын ар гэрийнхэн бол “цэрэг биш хүн” гэдэг шиг үзэгддэг юм уу даа.
Үсээ хусуулаад дараа нь уулзалтын байр гэсэн бичигтэй ногоон асарт залуус ар гэрийнхэнтэйгээ уулзах ёстой юм байна. Тэр асар нь нөгөө төмөр хашааны гаднаас харагдаж байгаа юм.
Манай хүү тэнд гараад ирж, ороод уулзъя гэхээр нэр өгөөгүй гээд үүдний цагдаа оруулахгүй, нөгөө төмөр нь хяхтнаастай. Нэр өгөхийг нь хүлээсээр хүүтэйгээ уулзаж чадаагүй.
Угаасаа хэл амтай юм болохоороо хэл ам хийж байж хэдэн давхар төмөр хаалтыг хяхтнуулан асарт дөнгөж ортол уулзалтын цаг дууссан, жагсаад, одоо эмнэлэгт очиж цээжний зургаа авахуулна гэх нь тэр. Дахиад л хэл ам хийлээ.
Нэр өгөхийг хүлээж хашааны гадна зогссоор хүүдээ аяга хоол идүүлж чадсангүй гээд. Хаа очиж цэргийн штабын хүмүүс чих зөөлөн юм. Тэд өөдөөс үг сөрвөл улаан хэрүүл болох байсан байх. Эсвэл ийм замбараагүй зохион байгуулалтдаа дасан зохицоод загнуулаад сурчихсан ч юм уу.
Эмнэлэг рүү яваад оч гэхээр нь хүүг минь суулгаад давхисан улаан тугтай микроавтобустай уралдан барин гүйхээрээ очлоо. Эмнэлэг дээр юун хоол идэх, зургаа авахуулаад гарч иртэл нь савтай хоолоо барин хүлээж зогслоо. Тэгээд тэндээсээ дамжин руу улаан тугаа намируулаад давхичихдаг юм байна.
Барааг нь хараад л хоцорлоо. Хоол хэдийнэ хөрсөн, хүүдээ хоол идүүлж чадаагүй би ууртай, ээж та одоо хэл ам хийлээ гээд хүү ууртай. Тунгаа минь уйлсан уу гээд найзууд асууцгаах. Юун уйлах, хүүгээ үнсэж ч амжсангүй.
Яагаад цэрэг татлагыг ингэж дорд үзсэн байдлаар зохион байгуулдаг юм бэ? Ардын хүүхдүүдийг аав, ээжээс нь булаан авч байгаа юм уу? Армид цэрэг эрс татаж байгаа юм чинь жаахааааааан ч гэсэн хүндэтгэлтэй, ёс төртэй хандаж болдоггүй юм уу?
Ядаж байхад орчин нь, хэллэг нь хүртэл таагүй. Дамжин, ачих, ачихаас өмнө аяга хоол идүүлэх, уулзалтын байр ч гэх шиг. Хэрэг хийчихсэн хүмүүстэй харьцаж байгаа аятай дорд үзэхээ болиосой…
Төмөр Тунгалаг