Японы замын талаар хангалттай нэвтрүүлэг, гэрэл зураг байдаг учраас би тэр бүр юу мэдэрснээ бичихгүй байхаар шийдлээ. Үгээр илэрхийлэхэд ч хэцүү юм. Үүний оронд хэдэн баримт сонирхуулъя.
ОЛИМПИЙН ТҮҮХ
Токиогийн замын түгжрэлийн асуудлыг анх 1960-аад онд, тордуулбал Токиогийн 64-р олимпийн үеэр хэлэлцэж байсан юм. Тухайн үед хотын ихэнх гудамж түгжрэл ихтэй шороон замтай байсан бөгөөд эрдэмтэн судлаачид улс орны эдийн засаг зам тээврийн хөгжлөөс шууд хамааралтай болохыг ойлгожээ. Ингээд Японы засгийн газар улс даяар хурдны зам тавих шийдвэрт хүрч 1963 онд 71 км урттай анхны хурдны замыг тавьсан юм.
Түүнчлэн хотын удирдлага нэг давхар орон сууц болон ашиггүй үйлчилгээний төвүүдийн газрыг эздээс нь худалдан авч олон түвшний уулзвар барьснаар түгжрэлийн асуудлыг шийдэх ажиллагаа ийнхүү эхэлсэн гэдэг.
Тиймдээ ч хорьхон жилийн дотор Япончууд байж боломгүй зүйлийг хийж бүтээн түгжрэлд баригдсан хотоо дэлхийн хамгийн зохион байгуулалттай хотуудын нэг болгож чаджээ. Хотоос зайдуу амьдрах иргэд нийслэлийн аль ч цэг рүү олон түвшний хурдны замаар ямар ч түгжрэлгүй хүрэх боломжтой.
Токиод сул зай талбай хомс учир хотын зарим хэсэгт 10 давхар барилгатай дүйцэхүйц 5 түвшний уулзварууд байдаг. Эдгээр хурдны зам нь энгийн хөдөлгөөнтэй харшилдаггүй бөгөөд их хотын нөгөө хэсэгт богино хугацаанд очихын тулд үнэ төлбөргүй найман хурдны зам болон төлбөртэй дөрвөн хурдны замаар зорчиж болдог.
Хотын төвд мянга мянган жуулчдын анхаарлыг татсаар байгаа хуучин гудамжнууд. Гэхдээ энд нэг ч зогсоол байхгүй.
Таксин жолоочид зорчигчоос ямар замаар явмаар байгааг нь асуух үүрэгтэй. Доогуур хямд – дээгүүр хурдан.
ТОКИО БОЛ МОСКВА БИШ
Тоо баримтаас. Өнгөцхөн бодоод үзвэл орос болон японы нийслэлүүд хоорондоо их төстэй аж. Аль аль нь адил талбайтай цагираган замын сүлжээтэй ба Москвагийн хүн амын тоо 12 сая бол Токиогийнх 15 сая. Москвад 1км2-д 4770 хүн ноогддог бол Токиод 5966 хүн байдаг.
Японы нийслэл хот 5.5 сая автомашинтай бол Москвад 4 сая автомашин бүртгэлтэй байдгаас өдөр бүр Москва орчмын болон бусад бүс нутгаас 1 сая гаруй автомашин орж ирдэг. Үүгээрээ ижил ойролцоо ч ялгаа бий. Юуны түрүүнд өнөөгийн байдлаар Токио хотын замын нийт урт нь 28.000 км байдгаас 2800 км нь хурдны зам бол Оросын нийслэл хотын нийт замын урт нь ердөө 3600 км юм.
Москва хотын мэр ойрын 3 жилдээ 400 км зам тавьж, засаж янзлах төлөвлөгөөтэй байгаа юм. Тэгвэл Токиод ч мөн ялгаагүй зам барилгын ажлыг тогтмол хийдэг ч хамаагүй хурдан гүйцэтгэлтэй байдаг. Япончуудын онцлог нь оросуудын адил Ленинградын хурдны зам эсвэл Москвагийн хурдны тойрог зам шиг хэт далайцтай замын оронд өргөнөөрөө ихэвчлэн хоёр эгнээтэй олон түвшний уулзвар болон аль болох урт зам тавих бодлоготой аж. Өөрөөр хэлбэл үргэлж түгжирсэн байдалтай нэг асар өргөн замтай байснаас үргэлж чөлөөтэй хоёр-гурван нарийн замтай байсан нь дээр гэсэн үг.
ЯПОН ТҮГЖРЭЛ
Ажлын өдөр, 11 цаг. Токио хотын газрын зургийн тэмдэглэл нилдээ ногоон байх бөгөөд хэсэг газраар шарлаж хаа нэгтээ улаарсан байна. Үүнд нийт 28.000 км урттай замын 129 км нь түгжирчээ. Гэхдээ япончуудын хувьд түгжрэл гэдэг биднийхээс арай өөр ойлголт бололтой.
Тэд хурдны замын хөдөлгөөний хурд 60 км/ц харин энгийн зам 40 км/ц хүртэл буурвал түгжрэлд тооцож хурд 20 км/ц хүртэл унахыг гамшигт тооцдог юм байна. Харин Москва хотын хөдөлгөөний дундаж хурд нь 24 км/ц байдаг.
Минут тутамд Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв рүү хот даяар суурилуулсан 17.000 гаруй хэт улаан туяаны мэдрэгчээс мэдээлэл ирж, 2000 гаруй хянах камерын мэдээллийг 144 дэлгэцээр гаргана. Токио хотод хянах камергүй зам гэж байхгүй. Энэ бүх явцыг ердөө дөрвөн ажиглагч хянадаг нь маш сонирхолтой. Энэ дөрвөн хүнээс бүхэл бүтэн Токио хотын замын хөдөлгөөн хамаардаг гэсэн үг юм.
Үнэн хэрэгтээ их хотын замыг ЗТУС буюу Зам Тээврийн Ухаалаг Систем хариуцаж мөнөөх дөрвөн ажиглагч хаа нэгтээ гарах алдааг засаж залруулдаг үүрэгтэй. ЗТУС-д түгжрэл үүсгэхгүй нь тулд замын хөдөлгөөнийг автоматаар зохицуулж аваар ослоос урьдчилан сэргийлдэг 15.000 ухаалаг гэрлэн дохио хамрагдана.
Жишээлбэл, хэрвээ улаан гэрэл асахад автомашин уулзварын голд явж байвал ухаалаг систем нь осол гаргахгүйн тулд ногоон гэрлийг нэмэлт хэдэн секундээр байлгана. Мөн уг гэрлэн дохио нь гарцаар гаран “бужигнах” зорчигчдыг давхар хянадаг. Түүгээр ч барахгүй уг систем нь тусгай дуут дохиотой автомашинуудад урсгал чөлөөлж өгдөг ажээ.
ЗАМЫН ЗОХИЦУУЛАЛТ
Японд хурд болон тав тухтай зорчиход мөнгө төлдөг нь үнэн юм. Гэхдээ яараагүй тохиолдолд энгийн, нэгдүгээр түвшний замаар тайван явж болно. Үүнд замд таарах гэрлэн дохио, уулзвар, нэг урсгалтай зам таарч төвөг удаж магадгүй юм. Өөрөөр хэлбэл харьцангуй удаан явна гэсэн үг.
Харин дээд түвшний үнэ төлбөртэй замаар ёстой л хүссэнээрээ давхиж болно. Ямар ч GPS (Токиод GPS гүй бол машинтай байгаад ч хэрэггүй) замын ачаалал болон үнэ төлбөрөөс хамаараад хэд хэдэн замыг санал болгодог.
Машин төлбөртэй замаар зорчиход хураамжийг данснаас нь автоматаар авдаг. Нийт төлбөр замын уртаас хамаардаг ба хол явах тусам их төлнө гэсэн үг. Саяхнаас төлбөртэй хурдны замын зарим хэсгээр зорчиход 500 иен гэсэн тарифыг тогтоож энэ нь шөнийн цагаар 50% хямдардаг болжээ.
Зам дагуу автомашины зогсоол байхгүй нь үнэхээр гайхшрууллаа. Токиод автомашиныг зам дагуу зогсоохыг хатуу хориглодог бөгөөд ингэсэн тохиолдолд тэр даруйд 25.000 иенээр торгож ачигч машинаар ачна. Машин ч гэлтгүй буруу газар байрлуулсан дугуйг хүртэл ачигч машинаар аваад явчихна. Зогсоол тэр бүр хямд биш (цагт 600 иен – 9600 төг) бөгөөд машин байрлуулах хугацаа нь хязгаарлагдмал юм. Хотын төвийн зогсоолд машинаа байрлуулахын тулд сард дунджаар 15.000 иен төлнө.
Токиогийн жолооч өөрийн гэсэн зогсоолгүй бол машиныг нь улсын бүртгэлд огт бүртгэдэггүй юм. Иймд, зогсоол гэдэг нь зам дагуу эсвэл байрны гадаах зай талбайг хэлэх биш тусгай бүртгэлтэй газрыг хэлнэ. Үүний тулд цагдаа ирж газар, бичиг баримтыг шалгаж үзсэний дараагаар машин худалдан авах эрх өгнө. Зогсоолыг нэг бол худалдаж эсвэл түрээсэлж болно. Түрээсийн үнэ хотоос зайдуу газарт сарын 30.000 иен байх жишээтэй. Японд татварын дараах дундаж цалин 270.000 иен, Токиод 300.000 иен байдаг.
Ихэнх япончууд амралтын өдрүүдээр хувийн автомашинаараа явдаг. Ийм тохиолдолд ч тэр япончууд очих газар, зарцуулах хугацаа, гарах зардлуудаа нарийн тооцоолж метроны билетийн үнэтэй харьцудаг. Сануулахад, япон залуус их зардлаас болоод автомашинаас аль болох татгалзаж байгаа юм байна. Жолооны үнэмлэх ч авах амаргүй. Жолооны дамжаанд сурахад 300.000 иен бөгөөд шалгалтыг маш хатуу комисс авдаг. Үүний оронд метро эвсэл автобусаар зорчих нь хамаагүй хялбар юм.
Хурдан явмаар байвал дээд давхар руу тавтай морил. Гэхдээ төлбөртэй шүү. Замаар зорчсоны хураамж данснаас автоматаар хасагддаг.
Доод түвшнээр зорчвол мөнгө төлөхгүй. Гэхдээ замд олон гэрлэн дохио, уулзвар таарах тул удаан явна.
ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ
Токиогийн ихэнх иргэд ажил руугаа ихэвчлэн улс болон хувийн өмчийн салаа замтай метрогоор очдог юм. Автозам болон дүүжин замаар явдаг чиглэлийн автобус ч их бий. Түүнчлэн, өнгөрсөн зууны 60-аад он буюу Олимпийн өмнөх үеэс барьж эхэлсэн дүүжин төмөр зам нь нийтийн зам тээврийн цөөн хэсгийг эзэлнэ. Дашрамд дурдахад нийтийн тээврүүд өглөө оройн цагаар ачаалал ихтэй бөгөөд цайны цагаар хүмүүсийг вагон руу “чихэх” тусгай ажилтнууд хүртэл байдаг.
Тиймээс зарим замаар нэгдүгээр зэрэглэл эсвэл зөвхөн эмэгтэй зорчигчдын вагонууд явдаг юм. Токиогийн алдарт таксийг дурдалгүй өнгөрч чадсангүй. Шар-хар “Toyota Crown” эсвэл “Nissan Cedric” нар хүссэн газар руу хүссэн хугацаанд хүргээд өгнө. Гэвч япончууд таксийг үнэтэй хэрэглээнд тооцдог учраас ихэвчлэн гаднынхан л зорчдог талтай. Тийм байж магадгүй ч би шөнийн Токиог таксигаар үзэхийг хүслээ. Үгээр хэлэмгүй ямар сайхан гээч! Тэгвэл үнэ… Москвагаас нээх ялгаагүй юмаа.
Юутай ч орос жуулчдад Токио бол замын түгжрэлийн асуудлаа бүрэн шийдсэн хот шиг санагдана. Үүнд ямар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл орсон гэж бодно! Ийм хотод хувьдаа автомашинтай байх амаргүй ч нэгэнт зориглосон бол хүссэн газартаа ямар ч төвөггүйгээр очно.
Япончууд ч тэр уг асуудлаа автомашин хязгаарлалтаар биш харин зам барилгын ажлыг өргөжүүлж шийдсэн юм. Үүн дээр их хотын хөдөлгөөнийг зохицуулах Зам Тээврийн Ухаалаг Систем нэмэгдэнэ. Японы жишгээр Ази, тэр дундаа Хятадын ихэнх хотууд зам түгжрэлийн асуудлыг ийм аргаар шийдэх гэж хичээж байгаа ажээ.
1 comment
Манай маанагуудын толгой нь хүрэхгүй юм бна даа . Японоос .эргэжилтэн урьж ирүүлэх хэрэгтэй юм бна даа