-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь та. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлын талаар тайлбар хийхээр үеэрээ “ Манай улсын нутгаар явж байгаа км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа. Тэднийг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна” гэж хэлсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихыг та яагаад эсэргүүцэв?
-Би энэ хүний өмнөөс ичиж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, байнгын хороон дарга гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн улс төрийн том алдаа гаргаж байна лээ дээ. Манайхаас өөр оронд бол энэ хүн ажлаасаа аль хэдийн халагдсан.
Төрийн албан ёсны айлчлал, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалд Тамгын газрын дарга нь явж байхдаа УИХ-ын гишүүдээ Хятадын парламентын гишүүн гээд Хятадын нутагт очоод ярьж байгаа нь түүнийг ямархуу ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харууллаа. Энэ хүнд Монгол орны эрх ашиг хамаагүй юу эсвэл ингэж бодлогогүй ярьдаг хүн үү, хэн нэгнийг доош нь хийж л байвал энэ хүний бах тав нь ханадаг хүн үү аль болохыг би үнэндээ ойлгосонгүй. “Тохой шалбаравч ханцуйн дотроо” гэж үг байдаг даа. Хятадын нутагт оччихоод өөрсдийнхөө шийдэж ядаж байгаа төмөр замын маргааны асуудалд УИХ-ын гишүүдээ Хятадын талд үйлчилдэг гээд яриад зогсож байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ бол яаж ч бодсон том тэнэглэл.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих асуудлыг З.Энхболд өөрөө ойлгоогүй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барихыг нь би эсэргүүцээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замд 737 тэрбум төгрөг зарцуулаад 50-60 хувийн гүйцэтгэлтэй болчихсон энэ ажлаа эхлээд гүйцээж дуусгая гэж хэлсэн. З.Энхболд Монголын нутгаар төмөр замаар вагон явуулж мөнгө олох гээд байгаа юм уу эсвэл нүүрсээ зарж мөнгө олох гээд байгаа юм уу. Бид барьж байгаад орхичихсон төмөр замаа барьж дуусгаад нүүрсээ Хятад руу гаргаж зараад одоогийнхоосоо хэд дахин илүү ашиг олоод мөнгөтэй болбол хаашаа төмөр зам тавихаа шийдэх нь бидний эрх биз дээ. Нарийн яривал дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс бүхэн Хятадтай худалдаа, бизнесийн орчноо нэмэгдүүлэхийг тэмүүлж байхад бид үүнээс хоцорчих гээд байгааг нь би ойлгохгүй байна.
-Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Одоогоор хэвлэлийн түвшинд мэдээлэлтэй байна. Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар ойрын үед тодорхой мэдээлэл олон нийтэд өгөх байх аа.
–Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хэрэгжилт өнөөдөр ямар байгаа вэ?
-Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хятадын талтай Замын –Үдийн чөлөөт бүсийн асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцох байсан ч манай тал гарын үсэг зурахаас татгалзсан гэж сонссон. Гэхдээ үнэн, худал эсэхийг нь би мэдэхгүй. Шадар сайд Ө.Энхтүвшингээс асууж тодруулаарай.
-Хаврын чуулганы эхэнд хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх томилгоо үргэлжилж байна. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал удахгүй УИХ-аар орно. Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд Монголын шүүх засаглалын өнөөгийн гажуудлыг засах гарц нь мөн үү?
-УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар хууль, шүүхийн байгууллагуудын хараат бус байдал алдагдаж үндсэн хууль зөрчсөн гэж би хувийнхаа байр суурийг илэрхийлсэн.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийнхаа манаачийн үүргээ жинхэнээсээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Засгийн гурван салааны нэг нь шүүх эрх мэдэл гэдгийг хүн бүхэн мэддэг. Харин олон түмэнд ойлгуулж, энэ зарчимыг ягштал баримталж, хамгаалж байх ёстой УИХ нь Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад өөрөө өөрсдийнхөө гараар шүүхийн хараат бус байдлыг устгачихлаа даа.
Энэ нь олон зүйлээс улбаатай. Нэгдүгээрт, хууль, шүүхийн байгууллагын өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой. Ард түмний хүсэл бол шудрага шүүх, биелдлэг хуультай байх явдал. Ард түмний энэ хүсэлт, шаардлагыг хангах талд дээр хариуцлагагүй хандсан.Шүүх шудрага бус байгаа тухай, хуулиа баримтлахгүй эрх мэдэл, хөрөнгө чинээтэйд нь хуулийг гажуудуулан хэрэглэх, энгийн иргэдийг үл хайхрах хийгээд улс төрийн дарамтанд автсан, хээл хахуульд идэгдсэн тухай гомдол зарим нэг илэрхий үйлдэл нь олон түмний дургүйцлийг ихээхэн хүргэсэн нь нөлөөлсөн байх талтай. Үүнээс үүдэж үндсэндээ улс төрийн тоглолтууд эхэлсэн. Хууль, шүүхийнхэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчих хэмжээний хүртэл улс төрийн тоглолт боллоо гэж харж байна.
Манай нэрт хуульч Б.Чимэд гуай Монгол улсад шүүх шоовдорлогдсон хэвээр байгаа. Энэ бол улс төрийн хуучинсаг тогтолцооны удамшсан өвчин. Хуулиар бол засгийн ижил төвшний гурван салааны нэг нь шүүх байсаар атал “төрийн гурван өндөрлөг” гэх ( Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд) дарга шүтдэг магтаалын “яруу найраг” өөд уруугүй уншихад өнөө “муу” салаа (шүүх) нь сураггүй гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Энэ бол бидний хувьд бодох ёстой асуудлуудын нэг мөн шүү.
Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ярьж байгаа энэ үед тогтолцоогоо өөрчилье гэвэл улс төрчдийн гэгээрхийг горьдож суухаар тэднийг өндөр дээд ёс суртахуунтай байж эс чадвал хариуцлага тооцож чаддаг тогтолцоог бий болгох талаар Монгол улсын ерөнхий сайд асан Д.Содном гуай Ардын Их Хурлыг сэргээх саналыг тууштай тавьсаар ирсэн нь өнгөрсөн цаг хугацаа Содном гуайн зөв байсныг нотолж байна. Ардын Их Хурал нь бидний нэрлэдэгээр төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газар, Дээд шүүх зэргээс дээд ёс суртахууныг шаардах, манах манаач байгаад зогсохгүй сум, хороо бүрээс сонгогдож ирсэн төрийн дээд танхимын гишүүд буюу депутатуудаараа дамжуулан жихэнээсээ ард түмний засаглалыг тогтоож чадах юм байна гэдэг итгэл үнэмшил надад улам бүр нэмэгдэж байна. Яахав, өнөөгийн хуулинд оруулсан өөрчлөлтүүд зөв, буруу аль нв болох, гарц шийдэл мөн байсан эсэхийг цаг хугацаа харуулна биз дээ. Миний харж байгаагаар нэг еэвэнгийн хоёр тал болсондог шүү.
-Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг танай бүлэг дэмжсэн. Нэр дэвшигчдийг та хэр сайн мэдэх вэ?
-Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн нэр дэвшигчдийг би танихгүй. Уулзаж, учирч байгаагүй хүмүүс. АТГ-ын одоогийн даргыг чөлөөлөх асуудал нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа.Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргааныг шийдэгдтэл томилгооны асуудлыг хэлэлцэхгүй гэж хойшлуулж байсан. Гэтэл одоо буцаагаад оруулаад ирлээ. УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь харж л байя.
Үндсэн хууль зөрчсөн томилгоо оруулж ирлээ гэдгийг би бүлгийн хурал дээр ч тодорхой хэлсэн. Ингэж хэллээ гээд би АТГ-ын одоогийн удирдлагуудыг хамгаалаад байгаа асуудал огт байхгүй. УИХ үндсэн хуулиа мөрдөхгүй юм бол УИХ гэж байгаад яах юм бэ. Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих нь өнөөдөр дур зоргын асуудал болж хувирсан.
Цаашдаа яг энэ байдлаараа явбал нэг хүний хэмжээгүй эрх мэдэлтэй орон болох зам руу аажмаар гулсан орох процесс хурдасаад л байх шиг. Бид том алдаа завхарлыг засах гэж байна гээд тогтолцоогоо бүр орвонгоор нь эргүүлэх вий гэсэн болгоомжлол байгаагаа нуухгүй.
Асуудлыг энэ талаас нь хараад ярихаар Д.Хаянхярваа хууль, шүүх, АТГ-ын удирдлагуудыг хамгаалаад үхлээ гэж нөгөө сошилын тороолууд балбаж эхлэх байх. Би хувьдаа хүнээр бол хууль, зарчим ярьж байгаа ухаантай юм. За тэгээд одоо ч хууль, зарчим, ёс зүй ярьвал МАНАН-гийн гар хөл болчихдог, сайн попорвол шударга үнэнийн туйл болдог болчихсон үе юм уу даа. Заримдаа ч гайхаад гайхаад учрыг нь олохгүй юм.
-Хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь томилсон хүнд үйлчилж, шударга бус шийдвэр гаргадаг гэдгийг өнөөдөр улстөрч бүхэн хэлдэг. Гэтэл Ерөнхийлөгч дахиад л өөрийнхөө санал болгосон хүнийг хуулийн байгууллагын удирдлагад томилж байгаа нь нөгөө системийн өөрчлөлтөд нь хэр нийцэх бол. Ер нь хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнуудыг улстөрчид бус салбараас нь санал болгодог байх эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх нь зөв юм шиг?
-Энэ талаар би олон удаа ярьж байна. Дараагийн Ерөнхийлөгч гарч ирэхээрээ хууль, хяналтын байгууллагуудын хугацаатай томилогддог албан тушаалтнуудыг солих гэж улайран зүтгэдэг. Энэ удаагийнх ялгаа байхгүй өмнөх Ерөнхийлөгч нарын адилаар хуул шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөхийн тулд янз бүрийн л арга хэрэглэж байна даа.
Эцэс сүүлд нь Үндсэн хуулиа зөрчин шинэ хууль батлаад өөрчилж байна л даа. Тэгэхээр үүний цаана том эрх ашиг байна гэж хардах үндэслэл бүрэн бий. Өнөөгийн энэ бүх алдааг засъя гэвэл Ардын их хуралтай болох ёстой юм байна гэдэг санаагаа би дээр дурьдсан. АИХ-ын 500-600 төлөөлөгч байна гэж үзвэл аймгийн бүх удирдлагууд, сумд, дүүргийн гээд бүх шатнаас АИХ-ын төлөөлөгчдөө бүрдүүлдэг байх энэ тогтолцоо руу л орох нь л хамгийн зөв гарц гэж харж байна. Ингэснээр хууль , шүүхийн гээд өнөөгийн хэл ам татлаад байгаа албан тушаалтнууд хэн нэгний нөлөөнд орох явдал байхгүй болдог юм аа гэхэд харьцангуй багасана.
Өнөөгийн энэ өөрчлөлтөөр бүх алдаа завхарал өргөс авсан мэт сайхан болчихгүй нь ойлгомжтой. Оруулж ирсэн нэр дэвшигчдийг нь мэргэжлийн төвшинд, хуулийг ягиштал баримталж ажиллаасай гэж хүсэх байна. Ер нь ямар ч албанд томилогдон очиж байгаа хүмүүс мэргэжлийн өндөр ур чадвар, ажлын арга ухаантай байхаас гадна ноён нуруутай байх хэрэгтэй. Бидний өвөг дээдсийн хүнийг шинжиж , үнэлэж ирсэн нэг чухал үзүүлэлт бол “ ноён нуруутай” байх ялангуяа одоо цагт бол энэ бүр чухал үг. Товчдоо бол ноён нуруутай байна гэдгийг ёс зүйтэй , хүн чанартай байх гэж л би ойлгодог.
Аливаа асуудлыг шийдэхдээ хэн нэгний үгээр далдаганаад байдаггүй, хэн нэгнээс сонссон дутуу хагас мэдээллээр сүржигнээд байдаггүй, асуудалд ул суурьтай, өөрийн бодолтой, хуулийн дагуу хараат бус шийдвэрээ гаргаж чаддаг ийм л хүн байх нь чухал байна даа.
–Таны хэлсэнчлэн өөрийн бодолтой гэдэгтэй холбон асуухад, та намын даргатайгаа үл ойлголцож бүлгийн даргын суудлаа өгсөн нь магадгүй таны өөрийн үзэл бодол хэтэрснийх гэж харж болох уу?
-Намын дарга бид хоёрын дундах үл ойлголцол маш инээдэмтэй. Бид хоёрт ойлголцох, үл ойлголцох тухай ойлголт огт байгаагүй гэж би боддог. Бид хоёр өөр өөрийнхөө зарчмаар явсан. Энд юу нөлөөлөв гэхээр хоёр хувь хүнийх нь араншин нөлөөлсөн.
Миний хувьд нэгд, УИХ нь их хурлынхаа, Засгийн газар нь засгийнхаа, нам нь намынхаа ажлыг хийх зааг ялгаатай ажиллах гэж оролдож байсан.
хоёрт, Ерөнхий сайд, намын даргынхаа алдаа, оноог ил хэлж засаж залруулж байх ёстой гэсэн хатуу бодолтой байсан.
гурат, би газар доор ортол муулуулж, тэнгэрт тултал магтуулж, муу сайн үгээр хэлүүлж үзсэн хүн. Төдийгөөс өдийг хүртэл шийдвэр гаргах ямар ч түвшинд ажиллаж байхдаа олон нийтийн үгийг маш сайн сонсож өөрийн алдаа, оноогоо засаж залруулахыг хичээж ирсэн.
дөрөвт, би удирдах ажил хийж байх хугацаандаа тулга тойрсон хов сонсож ажил хийж сураагүй. Хуучнаар бол тойрон хүрээлэл, өнөөгийнхөөр вакумжсан орчин үүсгээд тэр ховон дотроо ажил хийдэг дутагдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн. Ийм арчмаар ажиллах гэж хичээсэн. Өөрөөр би У.Хүрэлсүх даргатай тэрсэлдээд байсан зүйл байхгүй. Нам дотор байдаг л маргаан , зөрчил алдаа оноо шүү дээ.
Гэтэл миний баримталж ирсэн дээрх хэдэн зүйл У.Хүрэлсүх даргад буруу ойлгогодсон юм билээ. Тийм учраас намын даргын хувьд шийдвэрээ гаргаж бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн ажлаас чөлөөлөгдсөн. Үүнд би харамсаад, У.Хүрэлсүх даргад гомдож, өширхсөн асуудал огт байхгүй. Зарчмаараа л явсан. Өнөөдөр надад намын дарга, ерөнхий сайд үүрэг даалгавар өгөхөд би хүлээж авахад бэлэн. Гэхдээ зарчим, үзэл бодлын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлийг бол чадахгүй гэдгээ л шууд хэлнэ. Өөрийнхөө л явж ирсэн, цаашид ч үүгээрээ л явах болно.
Өнгөрсөн алдаа оноогоо дүгнэж байхад хувь хүний зан чанар, ажлын дадлага туршлага, чадвар, ажлын арга барил гээд олон нөлөөлөл байдаг хэдий ч дарга нараа тойрч байгаа бид л буруу замаар будаа тээх дардан замыг нь засдаг юм байна. Алдаа эндэгдэлийг нь олон түмэн шүүн тунгаагаад буруудаад ирэх үед тодорч байгаа шударгууд л дардан зам тавигчид байх өндөр магадлалтай. Юу үнэн тэр үнэн шүү.
-Ер нь танай бүлгийн хагарал, талцал өнөөдөр эцэс болж чадсан уу?
Өмнөх шигээ манай бүлгийн гишүүд одоо хуваагдаж, талцаад байгаа зүйлгүй дээ. Гишүүдийн дунд ойлголцол хэрэгтэй гэдгийг бүгд дор дороо мэдэж байгаа. Би нэг л зүйлийг хэлдэг. Хоорондын зөрчил маргааныг арилгаж, гишүүдээ нэгтгэх, эв нэгдлийг хангах нь намын даргын гол ажил шүү. Ер нь ямар ч үед хүчтэй нь, чадалтай нь эрх мэдэлтэй нь түрүүлж буулт хийдэг гэж үг бий. Би л хүчтэй, би л дийлж байна гээд өөрийнхөөрөө зүтгээд байвал асуудал наашлах нь хэцүү шүү дээ.
Гэхдээ дан ганц намын даргын л үүрэг гээд бид дур дураараа авирлаад үүссэн талцал хагарлаа дэвэргээд буруу яваад бай гэсэн үг биш шүү. Гишүүн бүр л хичээх ёстой. Тухайн үед манай бүлэгт үүссэн нөхцөл байдлыг хүмүүс янз бүрээр л харсан байх. Өнөөдөр МАНАН мафийн том системийг задлах гэж байна гээд хэсэг бүлэг хүмүүс нийгэмд шударга болчихоод явж л байна. Яг үнэндээ тэдний хэлж байгаачлан МАНАН, мафийн бүлэглэл гэдэг нь байдаг бол бид бүгдэд хамаатай.
УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авахад бид бүгд чадах чинээгээрээ ажилласны хүчинд олонх болсон. Одоогийн удирдлагууд болох Ерөнхий сайд, УИХ-ын дарга аль аль нь намын Ерөнхий нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан хүмүүс. Өмнөх сонгуульд намаа ялуулах, хөрөнгө санхүүгээ бүрдүүлэх гээд бүх зүйлд оролцож байсан уу гэвэл бүгд л оролцож байсан. Гэтэл бие биеийгээ дотроо МАНАН, маф болгон хувааж нэг хэсэг нь шударга, нөгөө хэсэг нь шударга бус болчхож байгааг би дэмжээгүй, цаашид ч дэмжиж чадахгүй.
Ерөнхий сайд намайг хөдөөгийн хүн гэж нэг удаа хэлж байсан. Ер нь наргиан болгож хэлэхэд хөдөөгийн биднээс хотынхон явдалтай байгаа юм биш үү. Улаанбаатар хотод болдог улс төрийн хэрүүл маргаан дунд би орж байгаагүй хүн шүү. Яг үнэн хэрэгтээ улс төрийн зөрчил, хуваагдал хаана гарсан бэ гэвэл зөвхөн намын удирдлага, УИХ дотор л гарсан. Том эрх мэдлийн төлөөх зодоон гэсэн үг. Тухайн үед энэ нь ил гарсан. Түүнээс монгол даяар МАН хагарч бутарч талцсан юм байхгүй.
–Танай Засгийн газрын толгойны өвчин болсон Элчин сайдуудын томилгоо дахиад л гацлаа. Уг нь 19 улсын Элчин сайдыг шинээр томилно. Элчин сайдад яригдаж буй хүмүүсийн нэрс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарж байгаа ч одоогоор баталгаажаагүй байна. Томилгоо удаж байгаа нь цаанаа ямар нэгэн шалтгаантай юу?
-Нуугаад байх зүйлгүй дээ. Элчин сайд томилно гэдэг бөөн лобби л явдаг юм байна шүү дээ. Элчин сайдад яригдаж байгаа нэрс дунд миний таньж мэдэх хүн байх ч үгүй. Би энэ асуудлыг нь сонирхоочгүй.
-Яагаад вэ. Ер нь Элчин сайдаар томилохыг албан тушаалын шагнал мэтээр ойлгодог, та санал нийлэх үү?
-Тодорхой хүрээнд тохиролцоогоо хийгээд нэрсээ оруулж ирээд бүлэг зөвшөөрч, УИХ-аар батлуулаад явах нь тодорхой. Энэ бол үнэн. Магадгүй Элчин сайд нарын нэрсийг оруулж ирэхэд нь аль нэгэн улсад суух Элчин сайдаар Доржийг биш Сүрэнг дэвшүүлье гээд асуудалд олон ургалч үзлээр хандаж хэлэлцэх юм бол томилгоо эрүүл саруул тал руугаа орж байна гэж харна. Түүнээс биш хуучнаараа яриа хэлцлийн түвшинд хийгддэг, лоббинд ордог, чиний хэлснээр шагнал мэтээр томилдог гэдэг нь үнэний ортой.
-Шууд асуухад, Элчин сайд нарын томилгоо удаж байгаа нь тохиролцож чадахгүй байгаатай холбоотой юу?
-Ойлгомжтой шүү дээ. Үгүй байсан бол яам дээр мэргэжлийн түвшний хүмүүсээ сонгоод аль хэдийн нэрсийг нь оруулаад ирэх байсан. Энэ хооронд тохиролцоо хийж байна, нөгөө талдаа тэрний, энэний хүүхдийг, хүнийг Элчин сайдаар явуулах нь гэдэг хэл амнаас л болгоомжилж байгаа биз.
–Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүүг хэлж байна уу. Австрали улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад Ц.Нямдорж сайдын хүү Ц.Анхбаярын нэр дуулдсан?
-Би мэдэхгүй байна. Ц.Нямдорж сайдын хүүг танихгүй, мэдэхгүй. Хэрэв нэр нь орж ирвэл танилцуулгыг нь харж байж шийдвэрлэнэ.
-Таныхаар Элчин сайд гэж ямар хүн байх ёстой вэ?
-Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй хэн, хэний хүн байх нь сонин биш, гагцхүү мэргэжлийн, чадварлаг, туршлагатай, диполмат ёсонд тавигдах шаардлага хангасан, тухайн оронд улсаа төлөөлөх бүрэн чадвартай ажил хийдэг хүн байх шаардлагатай. Гадаад харилцааны яамныхан “цус ойртсон” гэдэг яриа олон жил яригдаж байна. Яаманд ажилладаг эсвэл Элчин сайдаар томилогддог хүмүүс нь энүүхэн хүрээлэл дотроо буюу цөөн хэдэн хүмүүсийн ах дүү, үр хүүхэд, хамаатан садан дунд томилгоо явагддаг гэдэг яриа ортой байж магадгүй. Тэгэхээр сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах асуудал хамгийн чухал. Одоо бол ярьж чихэнд нь дасгаж байгаад нэг өдөр оруулж ирээд томилчихдог жишигтэй болоод байгаа шүү.
–Төрийн дунд, доод шатанд ч адилхан?
-Тийм. Төрийн алба өнөөдөр дэндүү өрөвдмөөр болсон. Би төрийн албаны доод шатнаас нь эхэлж ажиллаж байсан хүний хувьд төрийн албан хаагчдыг өрөвддөг бас хайрладаг. Ялангуяа сүүлийн 10 жил төрийн албыг эрэмдэг болгож орхисон. Нэг сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг халдаг, сольдог ийм тогтолцоонд орчихсон. Одоо төрийн алба нарийн яривал мэргэжлийн өндөр ур чадвартай, үр бүтээлтэй урт удаан хугацаанд ажилласан туршлагатай боловсон хүчний дутагдалд орсон.
Төрийн ажлыг мэддэг хүн байхгүй болсон гэж хэлж болно. Сонгуулиас сонгуулийн хооронд яаж ажилтай байх уу гэдэг бодлоор ханддаг хүмүүс нь дийлэх болсон учраас төрийн албаны бүх шатанд ажил унаж, хүнд суртал, авлигал хээл хахууль ихсээд байна гэдэг нь шууд үүнтэй холбоотой.
Эх сурвалж: news.mn