Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Өнгөрсөн жил тухайн өдрийг дэлхий даяар “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх нь” сэдэв дор тэмдэглэсэн бол энэ жил “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө-Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль” сэдвийн хүрээнд болж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн байгууллага МСНЭ нийслэл хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй “Хараат бус сэтгүүлзүй” үндэсний чуулган яг одоо СТӨ-нд болж байна.