Бридж Констракшн ХХК-ийг Замын-Үүдийн авто Вокзалын гаалийн агуулахын барилгын тендерийн ажилтай холбоотойгоор хуулийн байгууллага шалгаж буй ажээ. “Тэрхийн ундраа” компанийн нэхэмжлэлтэй Бридж Констракшн ХХК-д холбогдох хэргийг ирэх даваа гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцэх гэж байна.
Анх 2012 оны наймдугаар сард нь Зам тээврийн яамнаас зарласан Замын-Үүдийн авто Вокзалын гаалийн агуулахын барилгын тендерийн ажлыг 6.1 тэрбум төгрөгөөр Бридж Констракшн ХХК хийж, гүйцэтгэхээр авсан байна. Тухайн оныхоо арванхоёрдугаар сард ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, тус яамнаас 2,8 тэрбум төгрөг авчээ. Гэвч Бридж Констракшн ХХК тухайн ажлыг “Тэрхийн ундраа” компаниар гүйцэтгүүлэхээр болж, гэрээ байгуулсан байна.
“Тэрхийн ундраа” компани өөрийн 1.8 тэрбумын хөрөнгөөр 2013 оны эхээр тухайн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 600 сая төгрөгөөс өөр санхүүжилтыг Бридж Констракшн ХХК-иас өгөөгүй тул ажлаа дуусгалгүй зогсоосон байна. Иймд “Тэрхийн ундраа” компани Бридж Констракшн ХХК-иас 1 тэрбум гаруй төгрөгөө нэхэмжлээд байна. Бридж Констракшн ХХК-д холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт болно. Бридж Констракшн нь УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн эзэмшлийнх юм. Иймд түүнээс “Тэрхийн ундраа” компани мөнгөө нэхэмжилж буй ажээ.
Дээрх Замын-Үүдийн авто Вокзалын гаалийн агуулахын барилгын ажил одоо хүртэл хийгдээгүй байгаа юм байна.