Нүдэнд үл үзэгдэх тоосонцор БНСУ-ын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тэгвэл өнгөрөгч Даваа гарагийн 16:00 цагийн орчимд Өвөрмонголын Манжуур хотод 100 метрийн өндөртэй элсэн шуурга босож хотыг бүрэн нөмөрсөн ба 5 метрээс цааш юу ч харагдахгүй болжээ.
Энэ үеэр нутгийн оршин суугчид хоргодох байр хайцгаан сандарцгаасан байна. Мөн хэд хэдэн нутгийн иргэд элсэн шуурганы зургийг авч амжжээ.
Шуурганы явцын зургийг авч байсан иргэд “Аль хэдийн амьсгал давхцаж эхэлсэн”, “Энэ жилийн шар элсний шуурга аймшигтай болох төлөвтэй” гэх мэтээр тухайн үед төрсөн мэдрэмжээ хуваалцсан байна.
Хаврын энэ цагт “Хятадын шар элс” нэрээрээ алдаршсан уг шуурга нь Өмнөд Солонгосын тоосонцрын хэмжээг 5 дахин ихэсгэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд сонор соргогоор хүлээн авч шуугиан дэгдээгээд байгаа аж. Уг шуургыг Монголын говиос гаралтай гэж үздэг байна.
Эх сурвалж: Mglradio