УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.
УИХ-ын гишүүд томилогдох гэж буй албан тушаалтнуудтай холбоотой асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Гишүүдийн зүгээс сэжүүр нь нээгдсэн томоохон хэргүүдийг сайтар шалгаж, хариуцлагатай ажиллахыг захиж байсан юм. Харин З.Дашдаваа нь гишүүдийн асуултад хариулахдаа тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн хэргүүдийн баримт, материалтай танилцах болно гээд, томилогдсон тохиолдолд дунд түвшний албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргийг мөн нэг бүрчлэн шалгана гэсэн юм.
Ингээд гишүүдийн 94.6 хувийн саналаар З.Дашдавааг АТГ-ын даргаар томилохыг дэмжиж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийг 89.3 хувийн саналаар дэмжив. Мөн дараа нь АТГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн бол тус газрын дэд дарга Ц.Нямдоржийг 83.9 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.