Минж нутагшуулах төвд минж төллөж гурван дүдэр мэндэлжээ. Туул голын урсацыг тохируулах зорилгоор 2011 онд эхэлсэн минж нутагшуулах, үржүүлэх төслийн хүрээнд 24 минжийг байгальд тавьж, тус төвд 42 минж өсгөж байгаа юм байна.
Улаан номонд орсон минж бол усны инженер буюу гол, мөрний цэвэрлэгч юм. Тэд хэзээ ч загасаар хооллодоггүй гэдгийг мэдэх үү? Тэр утгаараа цаашид 150 тоо толгой минжтэй болоход байгалийн аясаараа өснө гэсэн судалгаа байгаа аж. Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Энэ амьтны талаар олон сонирхолтой баримтууд байдаг бөгөөд тэдгээр нэг л жишээг дурдахад, хөхтөн амьтдын дотор цөөн тохиолдох нэг эр нь нэг эмтэй амьдрах бөгөөд үр зулзагатайгаа гэр бүлээр амьдардаг. Жилд нэг удаа 1-6 зулзага гаргана. Зулзага нь 10 хоноод сэлж сурдаг ба зулзагатай болсон ч эцэг эхтэйгээ амьдарсаар байдаг. Дараагийн зулзага нь гарахаас өмнө буюу 2 нас хүрээд бие даан тусгаарладаг. Минжний гэр бүлд эцэг эх, өнгөрсөн жилийн болон энэ жилийн үр төл багтдаг байна. Ийм гэр бүл 2.9 кв.м талбайг эзэлэн амьдардаг гэнэ.