Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тодорхой бус шалтгааны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ. Аймгийн Онцгой комиссоос урьдчилсан байдлаар тарваган тахал гарсан байж болзошгүй хэмээн үзэж, Аймгийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/318 дугаар захирамжаар аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.
Мөн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/319 дугаар захирамжаар Өлгий сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоож, Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан юм.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байгаа.
Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоов.
Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна. Мөн ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС