Нийслэлийн SSM сургуулийн 84 сурагч, багш хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус сургуульд бүртгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтэд хийсэн хяналт шалгалтын дүн гарчээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сингапур скүүл оф Монголиа” /SSM/ сургууль болон хоолны газарт дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.
Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК нь түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулав.
“УНЭТО трейд” ХХК-ийн хоолны газраас лабораторийн шинжилгээнд 8 нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 9 орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүллээ.
Хоолны газарт 182 хүн хоол идсэнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 84 хүн байсан. Үүнээс ХӨСҮТ-д 48 хүн хэвтэж эмчлүүлсэн, гэрээр өрхийн эмчийн хяналтанд 38 хүн эмчилгээ хийлгүүлсэн.
Лабораторийн шинжилгээгээр:
• Боловсруулсан 7 нэрийн хоол, 2 нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны 1 буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.
• Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагч 34, багш 8, гал тогооны 2 ажилтан байжээ.
• Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна.
• Тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /Импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байна.
Дүгнэлт:
• Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпидемийн муруй, нууц үеийн хугацаа, эмнэл зүйн лабораторийн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш, сурагчдын дунд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгаар (Shigella spp) үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарчээ.
• УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.
• УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажилчид /тогооч О.Т, бэлтгэгч Ж.А нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эх сурвалж: НМХГ