Японы Эзэн хаан Акихито хаан ширээнээс буух ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна. Японы үндэсний хувцсаар гоёсон Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилж, үүний дараа цөөнгүй ёс заншлийг үйлдэж байна.
Маргааш буюу 5-р сарын 1-нд түүний ууган хүү Японы Эзэн хаан сэнтийд заларч Рэйвагийн он тоолол эхэлж байгаа юм. Японы Эзэн хаан бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Эзэн хааны гэр бүлийн тэргүүн юм. Эзэн хааны сэнтий эрэгтэй удамд өвлөгддөг.
Домог зүйн үүднээс авч үзвэл Японы анхны Эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд заларсан гэж үздэг байна. Түүхийн үүднээс энэ домгийг боломжтой гэж үздэггүй ч, өнөөгийн Японы Эзэн хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд байсан нэг хааны удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байна.
1989 оны 1-р сарын 7-ноос Эзэн хаан Акихито Японы 125 дахь эзэн хаан болсон ба тэрээр Хатан Мичикотой гэрлэж 2 хүү, 1 охинтой болсон. Тэдний том хүү нь Хунтайж Нарүхито юм.
Эзэн хаан Акихито 1933 оны 12-р сарын 23-нд Токио хотод Эзэн хаан Шоова, Хатан хаан Коүжүн нарын 5 дахь хүүхэд буюу ууган хүү нь болж мэндэлжээ.
Эзэн хаан Акихито нь сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд сайн дураар сэнтийгээсээ татгалзаж буй Япон улсын анхны хаан юм. Мөн тэрээр Японы хаадийн түүхэнд анх удаа сурвалж язгуургүй энгийн иргэнтэй гэр бүл болсон хүн юм. 1956 онд гэргий Мичикотойгоо теннисний талбайд танилцсан гэдэг.
Эх сурвалж: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв