Хүүхэд сургуульдаа явж байх замдаа, эсвэл хичээлээ тараад, заримдаа гадаа тоглож байгаад алга боллоо гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдаж, түгшүүр төрүүлэх болсон. Сураггүй алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь олдоогүй байгаа. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдалтай холбон анхааруулга сэрэмжлүүлгийг хүргэсээр байгаа билээ.
Гол нь хүүхдүүд амьд байгаа эсэх нь тодорхойгүйгээр урт удаан цаг хугацааг элээх нь хамгийн харамсалтай. Тэгвэл бид гадаадад болсон нэгэн ноцтой хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. Тухайн газрыг Google Maps чухам яагаад харуулдаггүй нь ийм учиртай аж.
Google Maps-ээр хүмүүс хүссэн газрынхаа зураглал, байршлыг утсан дээрээ харах боломжтой байдаг. Тэгвэл Сleveland-д нэгэн байшинг Google Maps дээр бүдэгрүүлж сарниулсан байдаг юм байна. Тэр бол Ариэл Кастро гэгч хүний гэр гэнэ. Тэрээр гэртээ гурван охиныг хулгайлан авчирч 10 гаруй жил хорисон аймшигт түүхийн эзэн.
Түүний эхний хохирогч болох Мишель /21 настай/ 2002 оны наймдугаар сараас эхлэн Кастрогийн эрхшээлд оржээ. Бүсгүйг гэрийнхээ дээд давхарт 11 жилийн турш гинжилж байлгасан бөгөөд энэ хугацаанд байнга зодож, хүчирхийлдэг байсан төдийгүй бүсгүй таван удаа үр зулбасан байх юм.
Дараагийн хохирогч болох Аманда 2003 онд 16 настай байхдаа Кастрод хулгайлагджээ. Охиныг алга болсны дараа ээж рүү нь нэгэн эр залгаад охин нь амьд байгаа гэдгийг хэлж, санаа зовох хэрэггүй, хэдэн өдрийн дараа гэртээ оччихно гэж хэлсэн байна. Гэвч харамсалтай нь ээж нь 2006 онд охинтойгоо уулзаж чадалгүй нас нөгчжээ. Аманда 2006 онд хүүхэд төрүүлжээ. Хүүхэд нь амьдрах магадлал тун бага байсан тул гэмт этгээд хүүхдийг заавал амьдруулахыг шаардаж, үгүй бол Амандаг ална гэж сүрдүүлж гэнэ. Азаар хүүхэд ч, эх нь ч эсэн мэнд үлдэж амь хэлтэрчээ.
Кастрогийн гурав дахь хохирогч болох 14 настай Жинаг 2004 онд сургуулиасаа гэртээ харих замаас нь хулгайлсан байв.
Гэмт этгээд Кастро 2012 он хүртэл ямар ч сэжиг авахуулалгүй сургуулийн автобусны жолоочийн ажлаа хийгээд дээрх гурван охиныг тарчлан зовоож, хүчирхийлээд явдаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл гэртээ найз нөхдөө авчирч дайлж цайлдаг байсан гэх авч зочид юу ч анзаарч байгаагүй нь гайхмаар.
Ингээд 10 гаруй жилийн дараа нэгэн өдөр Кастро хаалгаа цоожлолгүй явж, Аманда энэ боломжийг ашиглан 6 настай охинтойгоо гарч зугтан Кастрогийн хөрштэй нь холбогдож, цагдаад 10 жил хоригдож байгаа тухайгаа мэдэгдэж амжсан байна. Ингээд үлдсэн хоёр бүсгүйг ч аварч чаджээ.
Суллагдсаныхаа дараа Мишель нь нэрээ сольсон гэнэ.
Кастро өөрийгөө мангас биш, би өвчтэй гэжээ. Харин түүнд шүүхээс 1000 гаруй жил хорих ял оноосон боловч 2013 онд орныхоо даавуугаар амиа хорложээ. Мэдээж охид, бүсгүйчүүдийг байнгын зодож, хүчирхийллийн дарамт байлгаж байсан тэрхүү аймшигт дурсамж дүүрэн байшинг нь ч нураажээ.
Google maps байшинг нураахаас өмнө зураглалыг нь хийж байсан учир болсон явдлын дараа ийнхүү бүрсийлгэсэн учиртай юм байна.