Улсын ерөнхий прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзоригоос БНСУ-аас буцаан авахаар болсон үлэг гүрвэлийн олдворууд болон бусад асуудлыг тодрууллаа. Тэрбээр БНСУ-д байгаа олдворыг буцаан авах арга хэмжээнд оролцоод ирсэн юм.
-БНСУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг буцааж авахаар боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Манайх Ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа үзүүлэх, гадаад харилцааны асуудлыг хариуцсан хэлтэс. Эрүүгийн хэргийн талаарх Монгол Улсын байгуулсан хоёр талт гэрээ, олон улсын гэрээ конвенцыг манай хэлтэс хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. БНСУ-тай Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 1999 онд байгуулсан. УЕПГ энэхүү гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу үлэг гүрвэлийн ховор олдвор, соёлын үнэт өвийг Монгол Улсад гэмт хэргийн эд мөрийн баримтаар буцаан олгох хүсэлтийг, 2015 оны эхээр Солонгосын талд тавьсан юм.
Олон газраар дамжин, уйгагүй хөдөлмөр гаргаж хоёр жил гаруй хөөцөлдсөний дүнд, Монгол Улсын төдийгүй дэлхийн соёлын өвд багтах туйлын ховор олдворыг бид шилжүүлэн авч байна. Хоёр долоо хоногийн өмнө БНСУ-ын Сөүл хотноо, Дээд прокурорын газарт Монгол Улсын соёлын үнэт өвийг буцаан олгох уулзалт болсон. Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс, БНСУ-ын Улсын ерөнхий прокурорын орлогч, бусад прокурор, Соёлын яамны ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Манай улсаас тавьсан хүсэлтийг Солонгосын Дээд прокурорын газар хүлээн авч, шүүх рүү шилжүүлж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцсэн. Хоёр улсын хамтарсан палеонтологийн шинжээчдийн “Эдгээр нь, БНСУ-д байдаггүй, Монголын Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас гаралтай олдвор мөн” гэсэн дүгнэлтийг үндэслэн үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг шүүх гаргасан байна. Үүнийг баталгаажуулж тус улсын Дээд прокурорын газраас, эдгээр соёлын үнэт өв нь Монгол Улсын өмч мөн гэдгийг нотолсон гэрчилгээг Элчин сайд Б.Ганболдод гардуулсан.
Монгол, Солонгос улсын хооронд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж, Нэмэгт уулнаас хууль бусаар олж авсан олдворыг Өмнөд Солонгос руу “Монгол гэр” гэж гаалийн бүрдүүлэлт хийж хил гаргасан. Эдгээр хүмүүс Монгол, Солонгос улсад эрүүгийн зохих хариуцлага хүлээсэн байгаа.
-Хэчнээн тооны олдвор буцааж өгөхөөр болов?
-Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр 70 сая жилийн настай, үлэг гүрвэлийн 11 төрлийн, өдгөө үнэлж баршгүй ховор олдворууд байна лээ. Дэлхийд хоёр дахь удаагаа олдож байгаа, тэмээн хяруултай төстэй үлэг гүрвэлийн дэгдээхэйний араг яс олдсон байсан. Энэ бол маш ховор олдвор. Мөн тарбозаврын 12 м хэртэй өндөр араг ясны нэг хэсэг, өндөг, дөнгөж төрсөн хос зулзага, 1.5 м өндөртэй нэг төрлийн үлэг гүрвэл зэрэг маш ховор олдворууд энд багтаж байгаа. Тэдгээр нь Монгол Улсад бүртгэгдээгүй, дэлхийн соёлын өвд хамаарах туйлын ховор олдвор гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байсан. Түүгээрээ БНСУ руу гаргасан олдворууд онцлог.
-Зөвхөн үлэг гүрвэлийн олдвор гэлтгүй өөр бусад эд мөрийн баримтыг буцаан авч болох уу?
-Олон улсын гэрээ, хууль бол бидний барьдаг эрх зүйн бичиг баримт юм. Түүнд зааснаар хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа мөрдөн байцаагч, хяналт тавьж буй прокурор шаардлагатай тохиолдолд гадаадын улс оронд байцаан шийтгэх ажиллагаа хийлгэхээр УЕПГ-т хүсэлт тавих эрхтэй. Энэ дагуу ирсэн хүсэлтийг манай хэлтэс хянаж хүргүүлдэг журамтай. Мөн гадаадын мөрдөн байцаах, прокурорын байгууллага нь манайд хүсэлт ирүүлбэл бид түүнийг нь хүлээн авч, гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлдэг.
-Энэ мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд оффшор бүсэд хадгалж буй мөнгө, мэдээллийг нь авах боломжтой юу? Өнөөдөр УИХ оффшорын эсрэг хууль батлах гээд л, Төв талбай дээр түүнийг батлахыг шаардсан жагсаал, цуглаан, суулт тэмцэл болоод байгаа.
-Тийм боломж байгаа. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааны гэрээтэй улс орнуудаас оффшор бүсэд хэн ямар данс эзэмшиж байгаа талаар мэдээлэл авах боломж бидэнд бий. Мөрдөн байцаах байгууллага, хэргийг хянаж буй прокуророос манай хэлтэст энэ талаар хүсэлт тавибал бид хянаж үзээд, олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын гэрээ, хуульд нийцсэн, орчуулга нь шаардлага хангасан тохиолдолд бид гадаад орнууд руу илгээдэг. Энэ бол манай хэлтсийн хийдэг гол ажлын нэг. Энэ хүрээнд мөнгө биш боловч, хэзээ ч үнэлж баршгүй түүх, соёлын үнэт өв болох үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчраад байна. Үүнээс гадна хийж байгаа өөр бусад ажил ч олон бий.
Эрх зүйн туслалцааны гэрээгүй улс орнууд олон байгаа. Тухайлбал, Британийн Виржинийн арлуудтай Монгол Улс эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Гэхдээ гэрээгүй ч гэсэн бид мэдээлэл авах боломжтой. Манай тал, тус улсын дотоодын хуулийг баримтлаад хүсэлт илгээж болно. Мөн тухайн улсын нэгдэн орсон олон улсын гэрээг баримтлаад хүсэлтээ гаргаж болох юм. Ямар ч гэрээ байхгүй орноос бол, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, эсвэл тухайн улсад мөрдөгддөг энэ төрлийн хуулийн холбогдох заалтыг баримтлаад хүсэлт тавьж, мэдээллүүдийг шаардаж авч болдог. Зарим улс орон хариу ирүүлэхгүй байх тохиолдол гардаг, гэхдээ хүсэлт тавих бол нээлттэй.
Хууль батлаад, эсвэл жагсаал, цуглаан, суулт хийгээд бүх асуудлыг шийднэ гэж байхгүй л дээ. Гадаадад байршуулсан эд хөрөнгө, мөнгийг буцааж авчиръя, оффшор бүсэд хөрөнгөө байршуулж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тэр хүмүүст хариуцлага хүлээлгэе гэвэл гудамж талбайд жагсахаасаа илүүтэй мэдээлэл, нотлох баримтаа мөрдөн байцаах, прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлэн өгч, шаардлага тавих хэрэгтэй юм. Тэд шалгаад үндэслэлтэй байна гэж үзвэл үзүүгийн хэрэг үүсгээд, гадаад улсад хийх мөрдөн байцаалтын ажиллагааны талаарх хүсэлтээ УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтэст гаргаж болно. Бид түүнийг нь дээр дурдсан арга замаар тухайн улс орнуудад хандан нягталж шалгуулах, хэн юу хадгалуулсныг албан ёсоор тогтоон шийдвэрлэх боломжтой.
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэтэл тухайн хүмүүс нь гадаадад амьдраад байвал яах вэ?
-Оффшор бүсэд хөрөнгөө байршуулаад, эсвэл ямар нэг компанийн хувьцаа худалдан аваад түүнээсээ ашиг хүртэж өөрөө гадаад улсад амьдарч байгаа тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын иргэн эх орондоо гэмт хэрэг үйлдээд гадаадад гарсан байвал тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт этгээдийг шилжүүлэн өгөхийг шаардан хүсэлт илгээж, тухайн улсын хууль хяналтын байгууллагад хандаж болно.
Гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдаад тэр хугацаандаа оргоод явчихсан гадаадын иргэн байвал гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн авах хүсэлт мөн тавьж болно. Зарим орон иргэнээ шилжүүлж өгдөггүй. Гэхдээ арга мухардахгүй, ямар нэг хуулийн гаргалгаа байдаг. Иргэнээ гадаад улс оронд шилжүүлж болдог АНУ зэрэг цөөн улс бий. Манай улс бол өөрийн иргэнээ бусад улсад шилжүүлэхгүй байхаар Үндсэн хуульдаа тусгасан шүү дээ.
Эх сурвалж: Г.РАВЖАА