БНСУ руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд буцаан өгөхөөр боллоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тус улсын болон манай цахим мэдээллийн хэрэгслээр тарсан. Монголоос гаралтай гэдгийг нь тогтоосон учраас ийнхүү буцаан өгөхөөр болсон гэдгийг тус улсын Прокурорын газраас мэдэгдсэн юм билээ.
Тэгвэл Монголд шалгасан хэргийн хувь заяа хэрхсэн бол гэдэг нь тодорхойгүй болсон юм. Манай сонин өмнө нь уг хэргийн талаар цуврал сурвалжилга бэлтгэн, Япон, Солонгосоор дамжуулан Франц, Англи, Бельги, АНУ руу гаргасан гэдгийг тогтоосныг нь олон нийтэд хүргэж байсан. Түүнээс хойш уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан юм.
Үүнээс өмнө маш ноцтой баримтууд тогтоогдсон бөгөөд маш нарийн зохион байгуулалттай бүлэг хүн холбогдож эхэлсэн учраас хэргийг замхруулах арга хэмжээ авч эхэлсэн тухай мэдээлэл бидэнд олдов. Т.Батаар гэж олон нийт нэрлээд байгаа үлэг гүрвэлийн араг ясыг анх АНУ-д дуудлагаар худалдахаар болж, тус улсын иргэн Эрик Прокопи эзэмшигч нь хэмээн зарласнаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан Монгол Улсаас гаралтай болохыг тогтоохоор их ажил хийсэн.
Үүний дүнд Т гэдэг (өдгөө бидний дунд байхгүй) хүн арилжааны палеонтологич Эрик Прокопи, Английн иргэн Крис Мүүри, Японд амьдардаг америк эр Холлис Баттс, БНСУ-ын иргэн Ян Мэйгап (Yang Maeggap) зэрэг олон орныг хэрсэн зохион байгуулалттай бүлэглэл Т.Батаараас гадна үлэг гүрвэлийн олон тооны олдворыг гаалийн хуурамч бүрдүүлэлтээр харьд гаргасныг тогтоосон юм.
Дээрх хүмүүстэй Т хэрхэн холбогдсон бэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан сайтар судалж, 1996 оны наймдугаар сард Бээжинд болсон эртний эдлэл цуглуулагчид, чулууны наймаачдын дуудлага худалдаанд оролцсон. Түүнээс хойш жил бүр оролцож байхдаа Эрик Прокопи, Крис Мүүри, Холлис Баттс зэрэг арилжааны палеонтологичидтой танилцсныг тогтоосон байна.
Ингээд 2000 оны арванхоёрдугаар сард Японы музей рүү “Эртний эд зүйл цуглуулагчдын хувийн музей” гэх байгууллагын нэрээр үлэг гүрвэлийн есөн хайрцаг яс болох 365 кг жинтэй олдвор гаргаж, татварт 2680 ам.доллар төлсөн байдаг юм билээ. Хамгийн сүүлд Холлис Баттс (Butts Hollis Willi) руу 2013 оны аравдугаар сард үлэг гүрвэлийн яснуудыг илгээсэн баримт байна.
Т-д манай улсын өөр 2-3 иргэн үлэг гүрвэлийн яс олж өгдөг байсан юм. Тэднийг ч холбогдуулан шалгасан бөгөөд тэдний нэг М.Өлзийбат БНСУ-д хүргүүлсэн, эдүгээ тус улсын Гвачеоны Үндэсний шинжлэх ухааны музейд хадгалж буй үлэг гүрвэлийн олдворуудыг хууль бусаар ухан авч, гаргасныг манай МБГ-ын ажилтнууд тогтоов. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, БНСУ-ын палеонтологичдын бүрэлдэхүүнтэй шинжээчид нэлээд удаан хугацаанд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан юм билээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр шинжээчид “Монголын говийн, хожуу цэрдийн өөр хоорондоо геологийн цаг тооллын хувьд ялгаатай эд зүйлс байна. Уг олдворууд нь Өмнөговь, Баянхонгор аймгийн нутаг дахь Нэмэгт, Алтан-Уул, Цагаан хошуу, Хэрмэн цаваас малтлага хийх технологи зөрчин, хууль бусаар олборлосон” хэмээн дүгнэсэн аж.
“Тарбозаврын олдвор дэлхийн зах зээлд маш өндөр үнэтэй, урьдчилгаанд нь нэг сая ам.доллар төлсөн байсан. Тийм олдвор Монголд элбэг, тавхан ам.доллар төлөөд л авчихаж болдог юм байна гэсэн бодолтойгоор харийнхан ирээд гаргасан бололтой” гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа юм.
М.Өлзийбат нь амьдайтайгаа нийлэн өөр нэг хүний хамтаар Т-д палеонтологийн олдвор ухаж аваачиж өгдөг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Сүүлд нь Т-тай хамт болон бусадтайгаа нийлж Буянт-Ухаагийн боомтоор “Монголын гэрийн иж бүрдэл” гэсэн бүрдүүлэлт гаалийнхнаар хийлгэн олон тооны яс гаргасан байв. Ингэхдээ Буянт-Ухаагийн Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтантай хуйвалдсан аж.
Гаалийн жирийн байцаагч нар нь “гэр” гэсэн бүрдүүлэлтээр чулуу гаргахаар завдсаныг мэдээд дээд дарга нартаа хэлтэл “Шалгалгүй нэвтрүүл. Гаалийн ерөнхий газраас дарга нар хэлсэн” гээд явуулжээ. БНСУ, Японд очоод “гэр” нь үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болж гуравдагч орон руу явж байсныг мөрдөгчид тогтоосон гэдэг. Тухайн үеийн ГЕГ-ын удирдах албан тушаалтнууд энэ хэрэгт тайлбар мэдүүлэг өгсөн бөгөөд хэн гэдэг байцаагч хуурамч бүрдүүлэлт хийж өгсөнийг тогтоох боломжгүй, архивт бүрдүүлэлтийн нэг хувь нь байгаагүй учраас ямар ч хүнийг буруутган шалгаж чадаагүй гэх юм билээ.
Түүнээс хойш энэ хэргийн явц бүрхэг болж, эцэстээ 2-3 удаа гарсан Өршөөлийн хуульд хамрагдаж, зарим үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр М.Өлзийбат нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. Харин тухайн үеийн гаалийн удирдах албан тушаалтнууд нь өндөр сэнтийд суух нь сууж, зарим нь хувийнхаа бизнесийг өргөжүүлээд л явж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй баймаар сан.
Эх сурвалж: Г.РАВЖАА