Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.26) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Тус Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдан, уг хуулийн төсөл нь тухайн системийн эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээг анх удаа тогтоох зорилгоор боловсруулагдсан, бие даасан хуулийн төсөл гэдэг үүднээс Ажлын хэсэг зүйл, заалт нэг бүрээр нь хэлэлцсэн болохыг танилцуулгадаа дурдсан юм. Ийнхүү төслийн талаарх 141 саналын томъёолол, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд холбогдох саналын томъёоллыг бэлтгэсэн болохоо Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа.
Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид буцаах саналыг гаргажээ. Мөн шилжилтийн үеийн зохицуулалт хийх шаардлагын үүднээс Ажлын хэсгээс Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Мөн хуралдаанд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцууллаа.
Байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хуульд шинээр оруулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг төсөлд тодорхойгүй, хэт ерөнхий заасаннь хүн, хуулийн этгээд ял завших, эсхүл тэдгээрийн эрхийг зөрчих үндэслэл болох тул хуулийн төсөлд гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг тодорхой тусгах, мөн дээрх эрүүгийн хэрэгт оногдуулах ялын интервалыг уялдаа холбоотойгоор дүйцүүлэх шаардлагатай зэргийг үндэслэн хуулийн төслийн талаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг гаргажээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Хуулийн төсөл батлагдсанаар татвар, гааль, төрийн байгууллагууд, Монголбанк, аж ахуйн нэгжүүд, арилжааны банкууд, хувь хүн гээд төлбөрийн системд оролцогч бүх талуудыг бүртгэлжүүлж, төлбөрийн нэгдсэн системд оролцуулах боломж бүрдэх эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн тодруулав. Өнөөдрийн хэрэглэж буй төлбөр тооцооны систем бол зөвхөн банк хоорондын систем, харилцагчид арилжааны банкуудаар дамжуулан оролцдог.
Урьд нь банкны салбарын төлбөрийн систем тусдаа, банк бус нь тусдаа, Төрийн сангийн төлбөрийн систем тусдаа байсан бол хууль батлагдсанаар эдгээр системийг нэгтгэх боломж бүрдэнэ. Төлбөр тооцооны нэгдсэн системд оролцогч талууд бүгд тус бүр кодтой болно гэдэг хариултыг Ажлын хэсгээс өгөв. Төлбөр тооцооны нэгдсэн системээ үндэсний хэмжээнд нэвтрүүлж чадах юм бол мөнгө урсгалыг бүхэлд нь хянах боломж бүрдэнэ, харин хэлэлцэж буй төслөөр зөвхөн банкуудын төлбөр тооцооны нэгдсэн системийн талаарх зохицуулалтыг хийхээр байгааг анхаарах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар хуулийн төслийн боловсруулалтад талуудын оролцоог хангаж чадсан эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн нэгдсэн системд оролцогч талуудын иргэд, аж ахуйн нэгжээс авч буй үйлчилгээний төлбөр, шимтгэл нэмэгдэх эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Үүний дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.