Онцлох мэдээУлс төр

МАНАН-гийн анхдагчид ба загалмайлсан эцгүүд…

Улс төрд нэршил болж, нийгэмд танил болсон МАНАН бүлэглэлийг олон нийт поп улстөрч Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын онилж хэлснээр Ц.Элбэгдорж, М.Энхболд үүсгэсэн гэж ойлгодог болжээ. Тэдгээр гишүүд анх МАНАН-г илчилсэн гэсэн ойлголтыг нийгэмд өгч, өөрсдөө бас тодрохыг хүсч байгаа нь ч нийтэд тодорхой харагдаж байгаа.

МАНАН бүлэглэл улс төрд байгаа. Түүний анхдагч нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр болох талаар энэ нийтлэлд дурдах болно. Шударга бусын хонгил гэдэг үгээр халхавч хийсэн Н.Алтанхуяг, шударга үнэний дуу хоолой, хэлмэгдсэн хүн гэсэн өрөвдөм тактик барьж яваа Н.Энхбаяр хоёр ямархуу арга замаар улс төрд МАНАН бүлэглийг бий болгосон бэ гэдгийг дор өгүүлье.

Өнөөгийн МАНАН-гийн үндэс суурь 1998 оноос хойш бүрэлдэн бий болсон байдаг. Автор нь бол Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг тэргүүнтэй Алтангадас фракц юм. 2003 оны гуравдугаар сарын 27-нд Хөгжлийн төлөөх Алтангадас ассоцаци нэртэй байгууллага мэндэлсэн юм. Энэ Төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр Д.Дорлигжав сонгогдож, гүйцэтгэх захирлаар Н.Алтанхуяг, дэд Ерөнхийлөгчөөр тухайн үеийн МАХН-ын гишүүн буюу одоогийн МАН-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Бямбадорж томилогдсон байдаг. Ж.Бямбадорж дарга одоо Хүний эрхийн комиссыг толгойлж байгаа юм.

Сонирхолтой нь Хөгжлийн төлөөх Алтангадас ассоцацийн гишүүдэд:

-Ц.Элбэгдорж-АН

-З.Энхболд-АН буюу экс МСДН

-С.Баярцогт-АН буюу экс МСДН

-Ч.Сайханбилэг-АН

-АПУ-ын Г.Батхүү АН

-СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн-АН

-Р.Гончигдорж АН буюу экс МСДН

-С.Ламбаа гэх мэт АН-ын гол лидерүүд цугларсан. Харин МАХН буюу одоогийн МАН-аас

-Сү.Батболд

-Т.Ганди

-Д.Арвин гэх мэт УИХ-ын гишүүд

-Хотын дарга байсан М.Энхболд

-МАХН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Ц.Идэвхтэн

-Ц.Мөнх-Оргил зэрэг тухайн үед Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс дагаар орсон байдаг.

Алтангадас бол хөгжлийн төлөө биш АН-ын эсрэг байгуулагдсан улс төрийн фракц байв

Тэд энэ байгууллага Хөгжлийн төлөө ассоциаци гэж тодорхойлоод Монгол Улсын хөгжлийн төлөө нам харгалзахгүй нэгдэж байна гэж тайлбарласан юм. Гэхдээ энэ ассоциаци яг улс төрийн намын зохион байгуулалттай байсан. Орон нутаг хариуцсан төлөөлөгч, өөрийн хэвлэл мэдээлэлтэй. Мөн Алтангадас нэртэй сэтгүүлийг гаргаж эхэлсэн түүхтэй.

Алтангадас ассоциацийн байгуулагдсан өдөр нь 2003 оны гуравдугаар сарын 27. Энэ өдөр М.Энхсайхан АН-ын даргаар томилогдож байсан юм. Харин Алтангадас бол хөгжлийн төлөө ч биш АН-ын эсрэг, М.Энхсайханы эсрэг байгуулагдсан улс төрийн фракц байсан юм. Гэхдээ тэд анхнаасаа МАХН-ыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байв.

2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө Алтангадас ассоциаци Иргэний зориг намтай УИХ-ын сонгуульд хамтран оролцох санамж бичиг зурж байв. Энэ нь цаашаа сонгуульд МАХН-тай эвсэн орох хандлагын эхлэл болж байсан.

Гэвч АН-ын удирдлагыг гартаа авсан М.Энхсайхан Эх орон-Ардчилал эвслийг байгуулж, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, Иргэний зориг намын дарга С.Оюун хоёртой эвсэж чадсан билээ.

Харин Алтангадас М.Энхсайханы удирдсан Эх орон-Ардчилал эвлсийг сонгуульд ялагдуулж, цаашлаад М.Энхсайханыг намын даргаас огцруулж, Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгох, 2008 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялуулж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгохыг зорьж байсан.

Гэвч тэдний энэ төлөвлөгөө биелээгүй юм. 2004 оны сонгуульд нэгдэж орсон Эх орон Ардчилал эвсэлд 37 хувийн санал, МАХН-д 36 хувийн санал авсан. Ингээд арга буюу Алтангадасын төлөвлөгөө өөрчлөгдөхөд хүрсэн байдаг.

Н.Энхбаяр Алтангадастай хамтарч анхны МАНАН-гийн Засгийн газрыг байгуулсан 

Засгийн газар байгуулж, Эх орон-Ардчилал эвслийг задлах бодлого барьж байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сонгуульд АН-ыг МАХН-тай нэгтгэн оруулах гэж хичээсэн болов ч МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүд нь дэмжихгүй байсан гэдэг. Алтангадаст багтсан АН-ын лидерүүд ч эцэст нь арга буюу  Эх орон-Ардчилал эвсэлд нэгдэж сонгуульд орсон. Гэхдээ Алтангадасын энэ үйлдэл нь Эх орон-Ардчилал эвсэл сонгуульд ялахад том гай болсон хэрэг.

Жишээ нь, 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж “Нүүх үү, суух уу” лекцээ АН-аас хөөгдөж бие даан нэр дэвшсэн Ц.Одхүү, Г.Амаржаргал, З.Санжмятав нарын тойрог дээр уншаад эвслээс нэр дэвшсэн хүмүүсийг ялагдуулж байв.

Алтангадасынхан, Н.Энхбаяр тэргүүтэн эсрэг ажилласан ч гэсэн ард түмэн бол Эх орон Ардчилал эвсэлд 37 хувь, МАХН-д 36 хувийн санал өгч, Бүгд найрамдах нам нэг суудал авч, Өвөрхангайд З.Энхболд, Д.Сугар, Баянзүрх дүүрэгт Ж.Гүррагчаа, Эх орон намаас нэр дэвшсэн Санпилын Отгонбаяр нарын тойрогт маргаан үүссэн билээ. Дараа нь энэ хоёр тойргийг АН, МАХН тохироод нэг нэгээр нь авсан байгаа.

Сонгуулийн дүн ийм гарсан учраас Эвслийн Засгийн газар байгуулагдах болсон. Гэхдээ МАХН-аас Н.Энхбаярыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх, Алтангадасынхан болохоор Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонирхолтой байсан.

Уг нь бол Эх орон-Ардчилал эвслийн дээд удирдлага Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ёстой байсан ч Алтангадас ассоциаци нэр явуулсан. МАХН М.Энхсайхантай ч, Б.Эрдэнэбаттай ч Засгийн газар байгуулах сонирхолгүй байсан.

Эх орон нам УИХ-д долоон гишүүнтэй болчихсон 37+7 гэсэн хувилбараар Засгийн газар байгуулах боломжтой байтал МАХН-ын Удирдах зөвлөл болон Н.Энхбаяр Алтангадастай хамтарсан  Засгийн газар байгуулж, Эх орон-Ардчилал эвслийг задлах бодлого барьж байсан юм.

МАХН энэ бодлогоо ч хэрэгжүүлж чадсан. Энэ гол зохион байгуулалт, координацийг Ц.Нямдорж зохион байгуулж байсан гэдэг. Уг нь МАХН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргын суудлыг Эх орон-Ардчилал эвсэлд өгч Б.Эрдэнэбатыг УИХ-ын даргад дэмжих бодолтой байжээ.

Ингэхдээ Ерөнхий сайдаа өөрсдөө авч үлдэх, энэ албан тушаалыг Ч.Улаанд өгөх, Алтангадастай нэгдэж сонгуульд ялалт байгуулж чадаагүй, ердөө 36 суудал авсан МАХН-ын дарга Н.Энхбаярт улс төрийн хариуцлага тооцохоор төлөвлөж байсан аж.

Ц.Нямдорж асуудлыг 100 хувь эргүүлсэн

Энэ үеэр Ц.Нямдорж асуудлыг 100 хувь эргүүлсэн байдаг. Тэр М.Энхсайхантай ч Засгийн газар байгуулахгүй, Б.Эрдэнэбаттай ч Засгийн газар байгуулахгүй. УИХ-ын даргаа ч Эх орон-Ардчилал эвсэлд өгөхгүй гэж үзсэн. Намынх нь УИХ-д сонгогдсон гишүүд хуралдаж байхад Ц.Нямдорж “Та нар ийм шийдвэр гаргалгүй түр хүлээж бай. Би Алтангадасынхантай ярьчихаад ирье” гэж хэлээд гараад явсан байдаг.

Тэгээд эргэж ирэхдээ Би Алтангадасынхантай яриад тохирчихлоо. Н.Энхбаяр та УИХ-ын дарга бол Алтангадасаас нэр дэвшүүлсэн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдад дэмжихээр боллоо гэсэн байдаг. Энэ үед Н.Энхбаяр Ц.Нямдоржийг тэвэрч аваад үнссэн юм гэдэг. Ингээд Н.Энхбаяр УИХ-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж байлаа.

Харин Эр орон-Ардчилал эвслийг зохион байгуулж, ялалтанд хүргэсэн М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хоосон хоцорсон юм. Эх орон-Ардчилал эвслийг гол зохион байгуулсан хүн нь Н.Дугар гэж бий. Энэ хүн Эх орон эвслийг байгуулах санаачилгыг гаргаж, М.Энхсайхан, С.Оюун нартай ярилцсан ч тэд анхнадаа эсэргүүцэж байжээ.

Тухайн үед М.Энхсайхан УИХ-д нэгхэн суудалтай намыг 20 суудалтай нам болгочихвол миний ялалт гэж үзэж байсан гэдэг. Харин эвслийг байгуулах санаачилга гаргасан хүн энэ эвсэл сонгуульд 45 тойрогт ялах боломжтой хэмээн тооцоолж байсан гэдэг.

Тиймээс Ерөнхий сайд амлавал эвсэлд нэгдэнэ гэсэн С.Оюуныг УИХ-ын даргыг амлавал эвсэлд нэгдэнэ гэсэн Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нарыг гуйж байж сая нэг нэгтгэсэн гэдэг. Гэвч эвсэл сонгуульд хамгийн олон санал авсны дараа асуудал огт өөрөөр эргэсэн бөгөөд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан анхны МАНАН буюу Алтангадас фракц Засгийн эрхийг авч, Н.Энхбаярт  УИХ-ын дарга, гудамжинд явж байсан Ц.Элбэгдоржид  Ерөнхий сайдын суудлыг өгсөн юм.

Ерөнхий сайд болсон оройноо Ц.Элбэгдорж Н.Энхбаярын гэрт хадаг мөнгөн аягатай очсон бөгөөд намайг Ерөнхий сайд болгосонд баярлалаа гэж уйлан дуугарсан гэж Н.Энхбаярын эхнэр Ц.Цолмон Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт ярьсныг олон хүн санаж байгаа биз ээ.

Үргэлжлэл бий…

Э.ТУУЛ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. Хөшигний арын хуйвалдаан гэж үнэн л бичсэн байн шдээ тэр бүү хэл Алтангадамынхан МАХН -д элсэнэ гэж байвдаа

  2. жинхэнэ ориг МАНАН 2008.7.1 ний дараа Стандарт бус ЗГ байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй.ЕС нь С.Баяр, тэргүүн шадар нь Н. Алтанхуяг….

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close