Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын II шат өнөөдөр зохион байгуулагдаж, нийслэлийн нийт иргэд хамрагдлаа. Энэ сургуулилт 07:00-09:30 цагийн хооронд үргэлжилж энэ үеэр нийслэлийн авто замын бүх хөдөлгөөнийг зогсоосон юм. Гэвч хөдөлгөөн хаагдсан хугацаанд зам тээврийн дөрвөн осол бүртгэгджээ. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар ЗХУТ-ийн ОНССХМэргэжилтэн Х.Гансүх, ТЦА-ны ЗХЗХэлтсийн хөдөлгөөн зохицуулагч ахмад Д.Энхбаяр хамтран мэдээлэл хүргэлээ.
Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан байна.
Зам нээгдсэнээс хойш ослын тоо нэмэгдсэн гэж мэдээлж байна. 11 цагийн байдлаар хотын захаас төвийг зорих авто замын хөдөлгөөн ачаалалтай болсон байна. Ялангуяа Баянхошуунаас Таван шар, Таван шараас 25-р эмийн санг чиглэсэн хөдөлгөөн маш их ачаалалтай байгаа юм байна.
Зам тээврийн осол гарсны улмаас Нарны зам буюу Нарантуул ОУХТ-өөс баруун тийш Моннисын уулзвар хүртэл ачаалал авсан байдалтай байна. Мөн Таван шард Тавдугаар призрийн уулзвар дээр баруун тийш Тавдугаар бааз руу чиглэсэн хөдөлгөөн ачаалал ихтэй байна гэлээ.
Ерөнхийдөө нэг цагт автомашины хөдөлгөөн нэгэн зэрэг эхлэсэн учраас нийслэлийн ихэнх авто замд ачаалал үүсчээ.
Иймд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт зохион байгуулагдаж байгаа гурван өдөр иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо зохицуулагчдын дохио болон гэрэл дохиог баримтлах шаардлагатай байгааг анхааруулж байна. Зам хаах шаардлага гарах үед зохицуулагчдын дохиогоор хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.