Их Британий хатан хаан Элизабет II АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг гэргийн хамт Төрийн айлчлал хийхийг урьжээ. Энэ айлчлал зургаадугаар сарын 3-5-нд төлөвлөгджээ.
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчид ИБУИНВУ-д айлчилж байсан хоёр нь Төрийн айлчлал хийж, бусад нь уригдаж байжээ. Төрийн айлчлал нь илүү сүр жавхлантай болдог. Зочныг сүйх тэргээр залж, Букингэмийн ордонд хатан хаан зоог барьдаг дэгтэй юм байна.
Трамп тус улсад Төрийн айлчлал хийх АНУ-ийн 3 дахь Ерөнхийлөгч болж байна. Түүний өмнө бага Буш, Обама хоёр төрийн айлчлал хийж байжээ. Өнгөрсөн оны долдугаар сард Британид айлчилсан Д.Трампын айлчлал нь Төрийн биш, албан ёсны айлчлал байсан гэнэ.
Д.Трампыг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй түүнийг Британид урьж байв. Энэ үеэр британичууд Хатан хааны хүндлэлийг хүлээх хүн биш гэж үзэн Трампын айлчлалыг нь эсэргүүцэж байсан юм.
Энэ эсэргүүцлийг намжаах зорилгоор, мөн Европын Холбооноос гарах үйл явцаас болж Трампын төрийн айлчлал хоёр жил хойшилсон аж.
Өнгөрсөн онд Д.Трампыг Их Британид айлчлал үед Лондонгийн гудамжинд британийн олон зуун иргэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, парламентын ордны гадна 6 метр өндөр, живх өмссөн “бяцхан Трамп”-ын дүрстэй хийлдэг бөмбөлөг хөөргөж байв. Энэ удаа ч түүнийг айлчлах үеэр иргэдийн эсэргүүцэл давхцах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Associated Press