Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан “БНХАУ-ын “Тяньжин фүүдс” компанид 50 га газар олгож, “Улаанбаатар агропарк” ХХК байгуулах төсөл боловсруулж НИТХ-ын Төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх гэж байна гэсэн мэдээлэл түгээд удаж байна.
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны нийтэд цацсан энэ мэдээ анхнаасаа олон нийтийн дэмжлэггүй Хотын даргаар томилогдсон С.Амарсайханы нэр хүндэд нэлээн харшилж байна. С.Амарсайхан мэдээллийг худлаа хэмээн үгүйсгэсэн боловч, холбогдох баримтууд ар араасаа гарч ирсээр байна.
Хэрэг явдлаас үүсэн Хотын дарга С.Амарсайхан худалч уу, НИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхчулуун худалч уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. С.Мөнхчулуун нь С.Амарсайхантай Хотын даргын суудлын төлөө өрсөлдөж, түүнийг саналын илүүгээр ялж байсан. Тиймээс энэ мэдээ Мини парламент доторх МАН-ын гишүүдийн амбицаас болж хоёр өөрөөр тараад байна уу гэж ойлгогдож эхэллээ.
Энэ удаа С.Амарсайхан болон С.Мөнхчулууны хэлсэн тайлбарууд, нийгмийн анхаарал татаж байгаа “Тяньжин фүүдс” компанид 50 га газар олгож, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдэгдсэн албаны бичиг баримтуудыг нэгтгэн хүргэж байна.
С.Амарсайхан: Сүүлийн үед намайг “Хятадын компанид 50 га газар олгох гэж байна” гэсэн гүтгэлэг явах боллоо. Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах хэлэлцээр хийж, тодорхой ажил хэрэгжүүлэхээр болсон юм билээ.
Энэ дагуу Ерөнхий сайдын захирамж гарч судалгааны ажлын баг байгуулсан юм байна. Дараа нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмж, ногоо тариалах асуудлыг судлах ажил хийх шаардлагатай байгаа тухай албан бичиг өнгөрсөн сарын 27-нд надад ирсэн.
Тухайн өдөр миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд холбогдох тооцоо судалгааг хийх ААН, нийслэлийн өмчит 100 компанийн нэрийг албан бичгээр хүргүүлсэн. Ямар нэгэн газар олгоогүй, газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариаланчидаа ямар байдлаар дэмжиж, дөрвөн улирлын хүлэмж байгуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах асуудлыг судлах зорилгоор дээрх нэрсийг хүргүүлсэн.
Гэвч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун үүнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, намайг хятадуудад 50 га газар олгож байна гэсэн мэдээлэл түгээсэн. Ийм мэдээ түгээж байгаа нь түүний ашиг сонирхолтой холбоотой.
С.Мөнхчулуун: 2018 оны 12-р сард Ерөнхий сайдын захирамж гарч, “Хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлын хэсэг” байгуулагдсан байдаг. Ингэхдээ БНХАУ-ын “Тяньжинь фүүдс” ХХК манай улсад хүлэмжийн аж ахуй эрхлэх, манай улсын дотоодын хүнсний ногоог хангах, цаашлаад гадагш экспортлох ажил явуулахаар болсон байдаг.
Үүнтэй холбоотой судалгаа тооцоо хийх ажлын хэсэг байгууллагдсан гэж НЗД С.Амарсайхан өчигдөр хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн. Энэ дагуу 2019 оны 03-р сарын 27-нд ЗГХЭГ-ын Дэд дарга Г.Баясгалангийн албан бичиг НЗД С.Амарсайханд ирсэн гэж өөрөө хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн.
Тэр албан бичгийн дагуу НЗД С.Амарсайхан 2019.03.27-ны өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал дээр Тяньжиний хүлэмийн аж ахуй эрхлэх “Улаанбаатар агропарк” ХХК-ийг байгуулах тухай яаралтай горимоор оруулж ирсэн. Уг нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг 3 хоногийн өмнө зарлаж, холбогдох материалыг тэргүүлэгчдэд тарааж өгсөн байх ёстой. Гэтэл яаралтай горимоор оруулж ирсэнд нь тэргүүлэгчид “хурлын дэг зөрчсөн” асуудал тавьсан.
Харин энэ сэдэвтэй холбоотой албаны бичиг баримтын хүрээнд ийм мөрүүд тэмдэглэгдэн үлджээ
Дээрх баримт нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд илгээсэн БНХАУ-ын Тяньжин хотын холбогдох газартай хамран ажиллах, Монгол талаас хамтран ажиллах компани нь Нийслэлийн өмчит Улбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК гэсэн албан бичиг юм. Харин энэ талаар С.Мөнхчулуун Зариг сайтад ийн ярьжээ.
С.Мөнхчулуун: Анх С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгчдийн гишүүдэд Нийслэлийн өмчит “Улаанбаатар агропарк компани байгуулах. Энэ компанийг “Тяньжин фүүдс” компанитай хамтран ажиллуулаад, хүлэмжийн аж ахуй эрхлэнэ” гэж танилцуулсан. Төлөөлөгчид дэмжээгүй.
Тийм учраас ЗГХЭГ-т ” Тяньжинь хотын холбогдох газартай хамтран ажиллахаар Улаанбаатар хотын талаас нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХХК-ийг сонгон нэрийг нь хүргүүлж байна” гэсэн албан бичгийг явуулсан.
Гэхдээ энэ компани нь “хотын хөрөнгө оруулт, менежментийг хийнэ” гэж 2019 онд байгуулсан, захирал байхгүй, өөрийн гэсэн байр байхгүй, цаасан дээрх компани гэжээ.
Дээл талдаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гэсэн малгайтай, доороо дарга Р.Дагва хэмээн тэмдэглэсэн дээрх баримтын 1 дугаартай тэмдэглэлд:
Орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар агропарк” хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулсугай хэмээн бичигдсэн байна. Энэ баримт “Улаанбаатар агропарк” гэдэг компани байгуулах асуудал НИТХ болон Хотын захиргаа орчмоор яригдсан гэдгийг ойлгуулж байна.
Байгууламжийн бүтэц гэж тодорхойлсон энэ хуудаст “Хятадын уламжлалт загварын хашаа зоорь, агуулах барихаар төлөвлөж байна. Төслийн зохион байгуулалт, орчин үеийн дэвшилтэт ХАА-н технологийн паркийн үзүүлэнгийн үйл ажиллагааг үзүүлнэ. Монголын мөөгний өндөр хэрэгцээг хангах явдал… гэх мэт мөрүүд тэмдэглэгджээ. Үргэлжлэл нь доорх баримтад тусгагдсан байна.
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө хэмээн тэмдэглэсэн дор буй баримтад…
УБ хот, СХД-ийн 21-р хороо, Дашрын аманд газар тариалангийн зориулалт бүхий 50 га газар гэж тэмдэглэсэн байна. Үүнийг харин С.Мөнхчулуун НЗД-ын Орлогч Ж.Батбаясгалангийн хэлсэн үг бүхий хурлын тэмдэглэлийг үзүүлж байгаад Зариг сайтад тайлбарлажээ:
-…нийслэлийн зүгээс 50 га газрыг бэлдэхийн тулд хэд хэдэн аж ахуйн нэгжийг нүүлгэн байж суллаж өгсөн байгаа. Энэ байгууламж нь өөрөө хэдий хэр цахилгаан, ус хэрэглэх гэх мэт олон асуудал тодорхойгүй, шийдэгдээгүй байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос аль хэдийн гомдол санал ирээд эхэлсэн.
Энэ 50 га хүлэмж маань өөрөө монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй том газар. ЗГХЭГ-ын зүгээс өмнөх даргын өгсөн чиглэл бол Монгол улс энэ ажилд заавал оролцоотой байна. Энэ ажил маань өөрөө дотоодын хүнсний аюулгүй байдалтай холбоотой учир нийслэл газрын асуудлыг нь шийдэж өгөх замаар Монгол улс заавал хамтрах хэрэгтэй.
Манай зүгээс аль хэдийн хүссэн газрынх нь координатыг нь сансрын зурагтай нь тухайн газрынх нь 10 жилийн цаг агаарын мэдээ, газар хөдөлтийн мэдээ гэх мэт шаардлагатай гэсэн мэдээллийг бүгдийг нь өгсөн. Бид энэ талаар НИХ-д яалт ч үгүй тайлбарлах учир эхний ээлжинд НИХ-д тайлбарлах барьцтай, тэдний санаанд нийцэх тийм мэдээлэл хэрэгтэй байна” гэж ярьсан НЗД-ын Орлогч Ж.Батбаясгалангийн үг бүхий хурлын тэмдэглэлийг ч дэлгэсэн байна.
Баримтууд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Хотын дарга С.Амарсайхан нарын хэн нь худалч вэ гэдгийг өөрөө харуулах биз ээ.
1 comment
Женко хүрэлсүхийн багийнханд үнэн юм ховор гштгэнэ гэж гаршсан аргагүй мафи аргаар улсын төрийг удирдаж бга хэдэн нөхөд бн шүү. Амарсайхан хужаа удмын хүн бас хэнд ч дийлдэхгүй. Худалч зальтай хэрэг зөрчил ихтэй хүн хотын мээр болчихымдаа. Су батболд нь хамаагүй дээр байсын. Ялагдчихаал гүрийсээр бгаад дарга болноо гдг чинь цаанаа асар том ашиг зөрчлийн хэрэгтэй