Фэйсбүүкт регистрээ бүртгүүлж нэвтэрдэг болox асуудлыг УИХ хэлэлцэж буй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2019.04.23) энэ асуудлыг хуульчлахаар оруулж ирсэн Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн юм.
Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж, зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалтыг хийсэн байдаг аж.
Түүний нэгэн адил ээрх хуулийн төсөлд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор хэрэглэгчдийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалт нэмж тусгажээ.
Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирчээ. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг илрүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байгаа юм байна.
Регистрийн дугаараар фэйсбүүкт нэвтрэх нь утасны дугаараараа нэвтэрч байгаатай адил ямар ч аюулгүй, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл алдагдах эрсдэлгүй гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн хэлсэн юм. Хуулийн төсөлд тусгасан энэхүү зохицуулалт нь хуурамч хаягууд болон түүнээс үүдэн нийгэмд учрах сөрөг нөлөөллийг арилгахад чиглэгдэж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа юм.