Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Ким Жон Уны хувийн галт тэрэг ОХУ-ын Хасан хотод хүрэлцэн ирлээ гэж гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Энэ нь хоёр орны удирдагчдийн анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд Кремлийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун, В.Путин нарын уулзалт маргааш Владивосток хотод эхэлнэ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бусад асуудлаар ярилцах гэнэ.
Ким Жон Ун хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Вьетнамын Ханойд хоёр дахь удаагаа уулзсан ч Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцээрт хүрч чадаагүй юм. Тиймээс Ким Жон Ун энэ асуудлын хүрээнд ОХУ-аас дэмжлэг, тусламж авах шаардлагатай болсон байх гэж шинжээчид таамаглаж байна.
В.Путины Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков ч “Солонгосын хойгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн сар тогтворжсон. ОХУ энэ асуудалд эерэг үр дүн гаргахын төлөө шаардлагатай бүх замаар туслахыг хичээх болно” гэж мэдэгджээ. Хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтын цаг албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Владивосток хот уулзалтын бэлтгэлтийг сайн хангасан байна.