Оросын Холбооны Улсын ШУА-ийн Санкт-Петербург хотын Дорно дахины эх бичиг судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Олон улсын монгол судлалын холбоо хамтран хоёр жилд нэг удаа зохиогддог “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург хот дахь гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар бага хурал 2017 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болов.
Тус бага хуралд Оросын ШУА-ийн Санкт-Петербург хотын Дорно дахины эх бичиг судлалын хүрээлэнгийн захирал И.Ф.Попова, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлэгч А.Бирталан, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Монголын Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, түвд судлал ба буддизм судлалын хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Б.В.Базаров нар баяр хүргэн үг хэлж, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулав.
Тус арга хэмжээнд Санкт-Петербург хотын Дорно дахины эх бичиг судлалын хүрээлэн, Санкт-Петербург Улсын их сургуулийн дорно дахин судлалын салбарын судлаач багш нар, монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийн цуглуулгатай Эрмитаж, Кунцкамера зэрэг музейн удирдлага болон судлаачид, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Монгол Улсын ШУТИС, МУБИС,СУИС-ийн судлаач багш нар оролцов.
Нээлтийн арга хэмжээний дараа төлөөлөөгчид үндсэн хоёр секцид хуваагдаж хоёр өдрийн дотор 52 судлаачийн монголын эртний, дундад үеийн түүх, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлээр 47 илтгэлийг сонсч, хэлэлцүүлэг хийж илтгэлүүдийн шинэлэг үзэл, дэвшүүлсэн санаа, судалгааны аргыг хэлэлцэн ярилцсан нь судлаачдад болон монгол судлалын салбарт өгөөжтэй арга хэмжээ болов.
Эх сурвалж: ГХЯ