Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн II шатны санал хураалт өчигдөр (2019.04.21) болж өндөрлөлөө. Уг санал хураалтаар “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшсэн Владимир Зеленский илт давуу ялалт байгуулж, Ерөнхийлөгч боллоо.
Сонгогчдын 73.7 хувийн саналаар Ерөнхийлөгч болж буй тэрээр найруулагч, хошин урлагийн жүжигчин бөгөөд одоогийн төрийн системийг өөрчлөхийг хүссэн эгэл жирийн иргэн гэж өөрийгөө тодорхойлсон. Харин өмнөх сонгуульд Зеленьский өөрөө Петро Порошенкогийн төлөө саналаа өгсөн нь алдаа байсан гэж дүгнэжээ.
Түүний өрсөлдөгч Петро Порошенко энэ сонгуульд ердөө 24.3 хувийн санал авсан тул Зеленьский ийнхүү тус улсыг таван жил удирдах эрхтэй болж байгаа юм.
Энэ бол Украинчуудын сонголт. Сонирхуулахад “Ард түмний үйлчлэгч” хошин цувралын нэрээр нэрлэгдсэн намаас нэр дэвшсэн Зеленский уг телевизийн цувралд багшийн дүр бүтээж, улмаар Ерөнхийлөгч болдог аж. Тэгвэл энэ удаад тэр бодит амьдрал дээрээ Украины тэргүүн болж байна.