Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд энэ сарын 20-ны орой осол гарч, нурангид дөрвөн хүн дарагдсан байна. Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид 20:40 цагт дуудлага хүлээн авч, ослын газарт шуурхай очиж аврах ажиллагааг явуулсан боловч 27-47 насны гурван хүн газар дээрээ нас барсан, нэг иргэн амьд үлдсэн байна.
Амьд үлдсэн нэг иргэн Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа юм байна. Ослын газарт Онцгой байдлын газрын алба хаагчид болон Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн алба хаагчид, нийт 76 хүн ажиллажээ. Улмаар осол гарсан уурхайг хаах шийдвэр гаргажээ.