Пусан хотын өмнөд бүсийн цагдаагийн газраас өчигдөр /2019.04.18/ өглөө 07:00 цагийн орчимд Пусан хотын өмнөд дүүргийн нэгэн хорооллын зогсоолд байрлуулсан машины доор 21 настай оюутан бүсгүй “А”-г амьсгал хураасан байдалтай байна гэсэн дуудлага хүлээн авчээ.
Цагдаагийн газраас хэргийн газрын хяналтын камерын бичлэгээр тус хорооллын оршин суугч 25 настай “Б” гэгч цогцос илрүүлэхээс 3 цагийн өмнө буюу тухайн өдрийн 04:15 цагт уг хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
Хяналтын камерын бичлэгт хэрэгтэн “Б” хохирогч “А”-гийн араас дагаж яваад гэнэт хоолойг нь боон унагаж машины доогуур хаяад гар цүнхийг нь авч зугтсан нь тодхон бичигдэн үлдснээр хөдлөшгүй баримт болсон байна.
Шалгалтын явцад “Б” дээрэм, танхайн хэргээр шийтгүүлж байсан этгээд болох нь тогтоогдсон бөгөөд энэ удаад түүнд хүн амины хэрэг, булаалт зэрэг зүйл анги нэмэгдэх нь тодорхой болжээ. Хэргийг нарийвчлан шалгаж өөр хохирогч байгаа эсэхийг тогтоохоор төлөвлөөд байгаа юм байна.
Эх сурвалж: Mglradio