УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.04.19) хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.
Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь УИХ-аас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг гишүүнийг хуульд заасан үндэслэлээр эргүүлэн татсан. Эдгээр таван гишүүнийг гурвыг УИХ-аас, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүний нэр дэвшүүлэн томилсон байсан. УИХ-д төрийн бус 20 байгууллагаас тус бүр нэг хүнийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлсэн тул Байнгын хорооны хуралдаанаар дээрх нэр дэвшүүлсэн хүн тус бүрт нууц санал хураалт явуулахад С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх хамгийн олон санал авсан байна .
Ерөнхийлөгчөөс Д.Өлзийбаатар, Засгийн газраас Н.Жанцан, УИХ-аас С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус нэрийг нь дэвшүүлсэн байв.
Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийг улс төрөөс ангид байлгахыг анхааруулахын зэрэгцээ радио, телевизийн хөтөлбөрийн агуулга, нийтлэлийн бодлогыг нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, эх оронч, нэгдмэл үзэлтэй, эх түүх, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг залуу, хойч үеийг бий болгоход чиглүүлэх, цаашдаа нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн МҮОНРТ-д ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, боловсон хүчний мэргэжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг 72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6, Д.Батсүхийг 70.2 хувь нь дэмжив. Мөн бүрэн эрхийн хугацаа дууссан тул МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх тогтоолын төслийг баталлаа.
Д.Өлзийбаатар нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн шагналт, түүхийн ухааны доктор. Тэрбээр Баянхонгор аймагт түүхийн багш, Улсын төв архивд архивч, Цагаатгалын комисст судлаач, Архивын ерөнхий газрын дарга, дэд дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2016 оноос МУИС-ийн ШУС-ийн түүхийн тэнхимийн багш, судлаачаар ажиллаж байв.
Н.Жанцан нь 1948 онд Сүхбаатар аймагт төрсөн, хууль зүйн докторын зэрэгтэй, Цэргийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус ажиллаж байв.
С.Алтанцэцэг нь ОХУ-ын Ждановын нэрэмжит сургуульд бакалавр, Берлиний Гумбольдын их сургууль, АНУ-ын Сеатле хотын их сургуульд магистр хамгаалсан. МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
В.Бат-Эрдэнэ нь Эрхүүгийн Улсын их сургуулийг сэтгүүлч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулий эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байсан.
Д.Батсүх нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.