Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн аж.
Хяналт шалгалтаар “Сод монгол групп” ХХК-ийн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн байгууллагын “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгж /литр/-ээр хязгаарлаж худалдаалсан байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
“Сод монгол групп” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын дүнд гарсан улсын байцаагчдын дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий” нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын байцаагчдын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Ингэснээр “Сод монгол групп” ХХК дизель түлш болон АИ-92 автобензинийг иргэдэд бэлэн мөнгөөр бус тухайн компанийн “Аи-Си” картаар борлуулан автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар худалдаалсан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдлоо.