Нийслэлийн Байгаль орчны газраас Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн жил бүр ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж энэ жил 3 дахь жилдээ хэрэгжүүллээ. Хаврын тарчиг цагт ногоон бүсийн халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтдад тарга хүч авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тус ажил нь амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх, идэш тэжээлийн хомсдлыг нөхөх давхар ач холбогдолтой байдаг.
Энэ удаагийн биотехникийн арга хэмжээг Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд нийт 500 кг хужир мараа тавьж байршууллаа.
Уг биотехникийн арга хэмжээнд ан амьтны мэргэжлийн байгууллагын эрхтэй “Мишээл орших” ХХК-ийн төлөөлөл, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид оролцсон бөгөөд цаашид тухайн цэгүүдэд зэрлэг амьтдын ул мөр, шинж тэмдэг, идэш тэжээлийн байдалд хяналт, мониторинг хийх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм. гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллэв.