Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгажээ. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянажээ.
Нэг компани 3-11 цэцэрлэгийн тендерт шалгарчээ
Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д “…нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал:
5-р цэцэрлэг | иргэн С.Галсандоржтой | 2018 онд | 10,523.900 төгрөгийн гэрээ байгуулсан |
12-р цэцэрлэг | иргэн А.Норовбанзадтай | 2017 онд | 27,642.650 төгрөгийн гэрээ байгуулсан |
иргэн Б.Цэрэнхандтай | 2017 онд | 21,837.250 төгрөгийн гэрээ байгуулсан | |
“Баялаг ундрагатай эрдэнэ” ХХК-тай | 2017 онд | 17,351.280 төгрөгийн гэрээ байгуулсан | |
2018 онд | 21,101.900 төгрөгийн гэрээ байгуулсан | ||
иргэн Д.Пүрэвдоржтой | 2018 онд | 16,750.400 төгрөгийн гэрээ байгуулсан | |
1-р цэцэрлэг | иргэн Алтайсайхантай | 2017 онд | 11,346.680 төгрөгийн гэрээ байгуулсан |
2018 онд | 10,033.220 төгрөгийн гэрээ байгуулсан | ||
21-р цэцэрлэг | “Гансоби” ХХК-тай | 2017 онд | 12,972.960 төгрөгийн гэрээ байгуулсан |
13-р цэцэрлэг | “Орхон царам” ХХК-тай | 2017 онд | 9,206.650 төгрөгийн гэрээ байгуулсан |
18-р цэцэрлэг | иргэн А.Энэбилэгтэй | 2018 онд | 9,803.000 төгрөгийн гэрээ байгуулсан |
2017 онд | 9,403.450 төгрөгийн гэрээ байгуулсан | ||
иргэн С.Эрдэнэцэцэгтэй | 2017 онд | 14,237.500 төгрөгийн гэрээ байгуулсан | |
2018 онд | 17,792.600 төгрөгийн гэрээ байгуулсан |
Ажлын хэсэг цэцэрлэгүүдийн тендерийн баримт, бичгийн материалыг хянан үзэхэд “Арцат алтайн уулс” ХХК нэр бүхий 11 цэцэрлэгийн тендерийн хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах гэх мэт багцад оролцон 10 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. “Таван тойн” ХХК нэр бүхий 5 цэцэрлэгийн тендерийн мах, хүнсний бүтээгдэхүүний багцад оролцож 5 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. 2017 онд “Таван тойн” ХХК нь нэр бүхий 12 цэцэрлэгт буюу ихэнх цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалыг тендергүйгээр, гэрээгээр нийлүүлж ирсэн байв. Мөн “ЦЭЦМИС” ХХК 2017 онд 3 цэцэрлэгт гэрээгээр, 2018 онд 4 цэцэрлэгийн тендерт шалгарч гэрээ байгуулсан байна.
Түүнчлэн зарим цэцэрлэгийн удирдлагууд нь өөрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдтэйгээ гэрээ байгуулж бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулсан зөрчил илэрсэн бөгөөд Дархан-Уул аймгийн боловсролын салбарт явуулж байгаа төсөв, санхүү, худалдан авалт, тэдгээрийн ил тод байдал, гүйцэтгэлд тавих хяналт сул байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, цаашлаад авлигын гэмт хэрэг үүсэх нөхцөл байдал бий болж байгаа аж.
Хууль зөрчин сая саяар нь хандив цуглуулжээ
Дархан-Уул аймгийн доорх нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд үйл ажиллагаа явуулахдаа эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авсан байна.
Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүдийн хандив авсан байдлыг хүснэгтээр харуулахад (төгрөгөөр):
Д/д | Байгууллагын нэр | Нийт авсан хандив | Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байдал | Төвлөрүүлж аваагүй хандив | Хөрөнгөөр авсан хандив |
1 | 1 дүгээр цэцэрлэг | 8,712.900 | 3,970.000 | 4,742.900 | |
2 | 3 дугаар цэцэрлэг | 6,980.050 | 6,321.000 | 659.050 | |
3 | 4 дүгээр цэцэрлэг | 8,178.125 | 3,669.060 | 4,509.065 | |
4 | 5 дугаар цэцэрлэг | 8,076.000 | 3,943.000 | 4,33.000 | |
5 | 6 дугаар цэцэрлэг | 4,159.490 | 4,159.490 | ||
6 | 7 дугаар цэцэрлэг | 2,654.000 | 1,004.000 | 1,650.000 | |
7 | 8 дугаар цэцэрлэг | 2,032.000 | 835.000 | 1,197.000 | |
8 | 10 дугаар цэцэрлэг | 21,417.350 | 13,200.000 | 8,217.350 | |
9 | 11 дүгээр цэцэрлэг | 2,945.000 | 2,945.000 | ||
10 | 12 дугаар цэцэрлэг | 5,518.200 | 3,500.000 | 1,387.900 | 630.300 |
11 | 13 дугаар цэцэрлэг | 11,077.500 | 10,559.500 | 518.000 | |
12 | 15 дугаар цэцэрлэг | 20,070.000 | 20,070.000 | ||
13 | 18 дугаар цэцэрлэг | 6,802.750 | 3,542.000 | 2,900.750 | 360.000 |
14 | 21 дүгээр цэцэрлэг | 3,006.700 | 1,206.000 | 1,541.700 | 259.000 |
15 | 22 дугаар цэцэрлэг | 12,804.450 | 2,720.000 | 10,084.450 | |
16 | 24 дүгээр цэцэрлэг | 8,386.600 | 235.000 | 8,151.600 | |
Нийт дүн | 132,821.115 | 73,770.560 | 47,248.865 | 11,801.690 |
Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 тушаалын хавсралтаар баталсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баримтлалгүйгээр нийтийг хамарсан тэгшитгэсэн байдлаар хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Тус аймгийн зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар нь 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан байна.
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт гарч буй зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, удирдах албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, өмнө өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг бодитоор сайжруулах тодорхой арга хэмжээнүүд авч ажиллах талаар АТГ-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтжээ.