Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр (2019.04.17) үдээс хойш Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ.
С.Чинзориг сайд Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ.
Монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна.