Том дуугарч, том мэдэгдэл хийдэг, өөрөөр хэлбэл популизмд хөтөлдөг үзэгдэл аль ч орны бараг бүх л улс төрд байдаг, байсаар ч иржээ. Нэг намын системтэй, өөр сонголтгүй улс орнуудад хүртэл улстөрчид том том лоозон уриа гаргах үзэгдэл байдаг.
ЗХУ-аас жишээ татвал “Америкийг гүйцэж, ардаа хаяя”, “1980 он гэхэд коммунизмд хүрнэ”, “Атар газрыг эзэмшицгээе” гэх лоозон уриа хэлдэг Никита Хрущев, “Хөгжингүй социализм”-ын уриатай Брежнев зэргийг нэрлэж болно.
Популизмын давалгаан дунд түрэмгийлэгч болсон олон удирдагч засгийн эрхэнд гарсан түүх бий. Үүний тод жишээ бол Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи. Анх төрийн эрх барихдаа Ливид социализм байгуулахыг мөрөөддөг сонгодог социалист байсан бол дараа нь Египет, Сири, Алжир, Тунисыг нэгтгэсэн Арабын нэгдмэл улс байгуулах хүсэлтэйгээ зарлаж, сүүлдээ дэлхийн түүхэнд байхгүй, илүү хөгжингүй “Жамахири”-ийн удирдлагын хэлбэрийг байгуулсан гэж гурван боть ном хүртэл бичиж байв.
Венесуэльд Уго Чавес гэгч нөхөр Америктай байнга сөргөлдөж, Венесуэль социализмын төв боллоо гэж зарлаж байлаа. Испанийн хаантай ардчиллын хөгжлийн талаар маргаан өрнүүлж, хааныг “ямаа”, “язгууртан ямаа”-гаар нь дуудаж байлаа.
Харин Иранд Аятолла Хомейни номлогчдынхоо хамт Исламын Бүгд найрамдах улс эх орноо дэлхийн удирдагч улс болгоно, социалист, капиталист лагерийг ялж чадна гэж мэдэгддэг байв. Харин Кубад ах дүү Кастро АНУ-тай саяхан эвлэрэхээсээ өмнө өдөр бүр АНУ-ыг удахгүй нуран унаж, социализм ялна гэсэн үгийг маанийн үсэг шиг давтдаг байлаа.
Тэгвэл Иракт Саддам Хусейн хөршүүд, тэр дундаа Иран, Кувейт рүү байнга үгэн дайн хийж, тэдгээр улсын газар нутгийг өөрийн улстайгаа нийлүүлэхийг хүсдэг байв.
Популистууд ардчилсан улсад ч тааралддаг. Түүний хамгийн тод жишээгээр Итали, Германд тус тус фашистууд, үндсэрхэг социалистууд сонгуульд амжилт үзүүлснийг нэрлэж болно.
Орчин цагийн ардчилсан нийгэмд ч популистууд байсаар байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас л гэхэд сонгуулийн өмнөх аяны үеэрээ үг хэлэхдээ еврогийн оронд драхмаг мөнгөн дэвсгэртээ болгоно, Европын холбооны бүрэлдэхүүн дотроо автономит болно, зээлдэгчдэд төлөх өрөө цуцална гэж амлаж байлаа.
Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Европын холбоо, НАТО-гийн бодлогыг байнга шүүмжилж, Оростой харилцаагаа сэргээнэ гэж мэдэгддэг. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан олон нийтийн сүлжээ ашиглалтыг хязгаарлах гэж оролдож, үүнээс болж байнга жагсаал цуглаанд хүргэдэг. Орбан түүнчлэн Европын хүн амынхны хувьд сонин санагдах армид татахыг уриалдаг байна.
Засгийн эрхэнд гарч чадаагүй улстөрчдийн дотор популистууд ч өч төчнөөн бий. Францад л гэхэд Марин Ле-Пен, Голландад Герд Вилдерс, Германд Пегида, Италид Умардын лиг гээд дурдаж болно. АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трампаас гадна Берни Сандерс гээд популистууд бий.
Тэгвэл популистуудын хувь заяа хэрхдэг вэ? Тоталитар популизмыг дэмжигчид болох Гитлер, Муссолини нар дэглэмэйгээ хамт унасан бол Саддам, Каддафи нарын авторитар популистуудыг хүчээр унагасан. Зарим нь ч өтөл болтлоо амьдарч, өөрийн жамаар таалал төгссөн.
Тэдний тоонд Кастро, Чавес, Хомейни нар орно. Харин ардчилсан популистууд амлалтаа биелүүлэхгүйгээсээ болж сонгуульд хоёр дахиа орж чаддаггүй. Гэхдээ хямрал, улс төрийн системээс ард иргэд залхсан нөхцөлд улс төрийн пиар сайн хийж чадвал хэдэн ч хугацаагаар улс төрд тогтож үлддэг жишиг бас бий. Засгийн эрхэнд гарч чадаагүй нь улс төрийн системийн нэг л хэсэг болоод үлддэг юм.
Эх сурвалж: Updown.mn
Telegram.me сайтаас орчуулсан М.НАРАНСОЛОНГО
2 comments
iim amerik medee hiihgui ee
Austria odoo populistuud