Арилжааны банкууд зах зээлээ хамгаалах гэж амь тэмцэж байна уу?

Монгол хөгжиж буй орон. Гэсэн ч дэд бүтэц, хүнд үйлдвэрлэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын орлогоо өсгөх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Эдгээр ажил бүгд мөнгөөр бүтнэ. Сэтгэл хичнээн байв ч санхүү хөрөнгө байхгүй бол хэрэгжүүлэх боломж хомс. Тэгвэл манай арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаар 30 хувь байна. Энэ нь Ази тив дэх хамгийн өндөр зээлийн хүүтэй улс орноос гурав дахин өндөр дүн юм. Ази тивийн улс орнуудын зээлийн хүү хамгийн багадаа 1.63 хувь, хамгийн ихдээ 10 хувь байна.  Дундаж хүү нь 5 орчим хувь аж. Цаашлаад Монголын зээлийн хүүг дэлхийн улс орнуудтай харьцуулбал өдөр, шөнө шиг ялгаа гарна.г.жаргал Европт зээлийн дундаж хүү 7.2, Америкт 8.58, Австралид 6.14 хувь байна. Ядуу буурай орон олонтой Африкт зээлийн хүү дунджаар 15 хувь байх жишээтэй. Энэ цөөхөн жишээнээс манайд зээлийн хүү хэр өндөр байгааг харж болно.

Олон улсад бизнесийн ашиг дунджаар 10-20 хувь байдаг. Харин манайд 25 хувийн хүүтэй, олон улстай харьцуулахад давчуу хугацаатай зээл аваад бизнес эрхлэхэд хувь хүнээс асар өндөр ур чадвар шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, 25 хувийн хүүтэй зээлээ төлөөд цаана нь 10-20 хувийн ашиг гаргана гэдэг тун амаргүй даваа. Иймээс Монголд байгаа ихэнх бизнес томорч чаддаггүй. Тэр хэрээр үйлдвэрлэл хөгждөггүй. Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэт өндөр өртөгтэй туссанаар зах зээлд өрсөлдөх чадвараа алддаг. Мэдээж өндөр хүүтэй зээл авч байгаа тул энэ бүхэн бүтээгдэхүүний зардалд шингэж эцсийн бүтээгдэхүүн импортын бараатай харьцуулахад үнэтэй гарч ирдэг. Ингээд худалдаж авах хүн олдохгүй.

Урд хөршид үйлдвэрлэсэн боломжийн үнэтэй бараа авах уу, эсвэл монголын банкуудын зээлийн өндөр хүү шингэсэн үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах уу гэвэл ихэнх тохиолдолд урд хөршийг сонгоно. Мэдээж дотоодод үйлдвэрлэл хөгжихгүй байх нь ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлана. Үүнийг дагаад нийгэмд ажилгүйдэл өндөр, хүн амын амьжиргааны түвшин бага байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс банкны зээлийн хэт өндөр хүү эдийн засагт шууд болон дам байдлаар томоохон хүндрэл авчирч байгаа юм.

Эдийн засгийн ухааны доктор Д.Амгалан “Манай банкны хүү дэлхийн хаана ч байхгүй өндөр. Зарим хүн Манжийн үеийн хүүнээс ч өндөр байна гэж хэлдэг. Дунджаар 24 хувийн хүү төлж зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлээд, бизнес эрхэлнэ гэдэг хэцүү. Хүүгийн өртөг бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингэнэ. Тиймээс манайд банкнаас зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй хэмээн дүгнэхэд буруудахгүй” хэмээсэн.

Мөн MICC корпорацийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ “Ер нь Монголын банкууд өөрсдөө янз бүрийн бизнес хийгээд байгаа шүү дээ. Өөрсдийн бизнесийг санхүүжүүлэх, дээр нь өөрт холбоотой төслүүдийг санхүүжүүлэх зэрэгт мөнгөө гаргаад эсвэл засгийн газрын бондыг аваад яг хэрэгцээтэй компаниудад өгдөггүй ч байж болох юм. Энэ нь нүдэнд ил үзэгддэггүй. Банкууд өөрсдөө бизнес хийгээд байхаар зах зээл дээр мөнгө байхгүй болчихоор хүү өндөр байдаг гэх мэтээр энэ бүхний хариултыг авахыг хүн бүр хүсч байгаа” гэсэн.

Банкны зээлийн хүү өндөр байхаас гадна хугацаа давчуу, төв банкны бодлогын нөлөөгөөр зээлийн гаралтаа бууруулах, шаардлагаа өндөрсгөдөг байдлаас болж аж ахуйн нэгжүүд санхүүжилт авахад улам л хүнд болдог. Мөн арилжааны банкууд бизнесийн салбар руу гараа дүрээд байна гэсэн хардлагыг олон хүн хэлдэг. Тэд өөрсдийн бизнесээ хамгийн хямд эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Түүнчлэн, хадгаламжаар хуримтлагдсан мөнгийг өөрсдийн бизнестээ түлхүү зориулж, үлдсэн багаханыг зах зээлд зээл болгож гаргаад байна хэмээн харддаг.

Энэ мэтээр банкны салбар тойрсон олон зөрчилтэй асуудал байгаа юм. Тийм  учраас ОУВС-аас  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудад активын шалгалт оруулна гэсэн асуудлыг чухалчлан тавьсан биз. Иймд уг шалгалтыг бодитой, үр дүнтэй явуулж банкны салбарт үүссэн хүндрэлийг ил болгож гаргах нь төв банкны ойрын хамгийн том зорилт байх учиртай.

Нөгөөтэйгүүр, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монголбанкны зүгээс саяхан хэвлэлийн хурал зарлах үеэр уг хуулийн төсөлтэй холбогдуулж дараах байр суурийг илэрхийлсэн. Тэд “Бидний зүгээс дотоодын банкуудын үйл ажиллагаа явуулдаг зах зээлийн сегмент дээр өрсөлдөөн гаргахгүйгээр зохицуулахаар хуулийн төсөл явж байгаа гэж ойлгож байна” хэмээсэн.

Эндээс үзвэл гадны зөвхөн хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг авна. Харин гадны арилжааны банкуудыг хязгаарлах мэт ойлгогдож байна. Энэ тохиолдолд дотоодын арилжааны банкууд зах зээлээ хамгаалаад үлдэнэ гэсэн үг. Мэдээж өрсөлдөөн бий болохгүй, зээлийн хүү энэ хэвээр байна. Гадны хөрөнгө оруулалтын банк орж ирснээр манай арилжааны банкуудын эрх ашигтай харшлахгүй.

Учир нь манай банкууд хамгийн ихдээ 50-60 сая ам.долларын санхүүжилт гаргах боломжтой. Энэ нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд хангалтгүй дүн юм. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх асуудал манай арилжааны банкуудад падлий байхгүй. Харин бусад төсөл хөтөлбөр, бизнесийг санхүүжүүлээд явж байвал тэдэнд ашигтай. Иймээс нэгэнт чадахгүй том зах зээл рүүгээ гадны банкуудыг оруулчихаад бусад зах зээлдээ гадны банк оруулалгүй өөрсдөө ноёлж үлдэх гэсэн санаа харагдана.

Эх сурвалж:Б.ГАНЗОРИГ

 

One thought on “Арилжааны банкууд зах зээлээ хамгаалах гэж амь тэмцэж байна уу?

  1. иргэн 2017-04-26 13:09 at 13:09

    Хүү багатай гадны банк ороод ирвэл үйлчлүүлэгчидээ алдана нээд үхэх шахам гадны банк оруулах хэрэггүй гэж зүтгээд байгаагийн учир нь ойлгомжтой, банк хэдэн тэрбумын ашигтай ажиллаад байгаа нь эсрэгээрээ хэдэн тэрбумаар нь иргэдээ сорон мөлжиж байгаагаа харуулж байгаа биздээ

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн