Богдхан уул нь Монголын анхны дархан цаазат газруудын нэг юм. Зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд анхны дархан цаазат газарт тооцогдоно хэмээн зарим түүхчид үздэг. Анх 1294 онд Их Юань улсын хааны зарлигаар Богд хан уулыг Отгонтэнгэр хайрхан, Хан Хэнтий, Алтайн нүсэр давааны хамтаар байгалийн дархан цаазат газар хэмээн албан ёсоор хуульчилж байжээ.
Түүхийн зарим эх сурвалжид бичсэнээр үүнээс ч өмнө буюу XII зуунд Ван хан Тоорил энэ уулыг тахин шүтэж, дархалж байсан түүхтэй гэдэг. Үүнээс хойш 1778, 1957, 1974, 1995 онуудад тус тус албан ёсоор хуульчилж, дархан цаазат болгосон байдаг.
Хан Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил гэгдэх энэ уул нь бидний амьдран буй нийслэл хотын цаг агаарт таатай орчинг бүрдүүлэхэд маш чухал нөлөөтэй байгалийн цогцолбор гэж хэлж болно.
Улаанбаатар хотын урд хэсгийг таглан орших Богдхан ууланд олон зүйлийн рашаан, 54 янзын хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 төрөл шувуу амьдардаг. Мөн хуш, нарс, шинэс, гацуур зэрэг 588 зүйл ургамал ургадаг.
Газар зүйн нөхцөл, газрын гадаргын хувьд Богдхан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрдэх бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн юм. Богдхан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлодог хэмээн судлаачид үздэг.
Энэ уул нь хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарна. Жилд дунджаар 2800 цаг нартай байдаг бол 12-14 өдөр л наргүй өдөр тохиодог байна. Агаарын жилийн дундаж температур -1.5-3.1 хэм, 1 сарын дундаж хүйтэн -19-24 хэм, 7 сарын дундаж халуун нь +14-17.6 хэм хүрнэ.