Зөвхөн өчигдөр дэгдсэн түймрийн улмаас ямар их хор хохирол амсч буй талаарх мэдээллийг бид түрүүнд нь хүргэсэн байгаа. Гэтэл дөнгөж сая зусланд гарсан бас нэгэн түймрийн мэдээ ирлээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Шадивлан зуслангийн аман дахь Ойн жим амралтын газар луу явах замын хойд талд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар дөнгөж саяхан Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очсон байна.
Тухайн эх сурвалжийн хэлснээр ойролцоох айлын хашааг хийж байсан гурван залуу онцгойгийнхон ирэхээс өмнө гурван байшингийн галыг унтрааж амжсан гэнэ.
Харин ОБЕГ-ын мэдээлснээр ЧД-ийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлагыг 12:00 цагт авсан байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрсэн энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг сануулж байна.