Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой”-н зусланд гарсан түймрийн талаар бид мэдээлсэн. Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.04.14) 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч 14:05 цагт очиход тус зусланд 30 гаруй айлын 15 га орчим газарт өнжмөл өвс, 13 зуслангийн байшин, 3 гэр, хураасан мод тус тус шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан байгаа юм. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 34 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 16 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 7 ангийн 94 алба хаагч, 22 автомашинтайгаар ажиллажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 14:05 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч 14:10 цагт очиход иргэн А-гийн гэр, 10 метр хашаа, 0.5 га орчим газарт өнжмөл өвс, иргэн Т-гийн байшингийн дээврийн хэсэг, иргэн М-ийн “Хюндай” загварын микроавтобус, 70 метр орчим цахилгааны утас, 5 метр хашаа тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.
Орон нутагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраахар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын нутаг “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ талаарх мэдээллийг 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 14 алба хаагч, Мандал сумын цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 6 хүн, орон нутгийн 4 иргэн, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр 08:00 цагт ОБЕГ-ын 1, ҮАБ-ын 21 алба хаагч, нийт 22 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу нисчээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Долоон гүнд” гэдэг газар бас ой, хээрийн түймэр гарсан байна. 15:57 цагт энэ тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр орой 19:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн ”57-ын точка“ гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Өчигдөр 14:40 цагт энэ тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн 16 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, Гурванзагал сумын 10 иргэн, Төмөр замын Баянтүмэн өртөөний 119 ажилтан, нийт 178 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр (2019.04.15) үүрээр 05:50 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Хээрийн түймэр хил даван орж иржээ
Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар Хилийн 834-836 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэн байна. Энэ талаар 15:15 цагт мэдээлсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 45 алба хаагч, орон нутгийн 12 хүн, нийт 81 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, шөнө 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Хэрийн гол” гэдэг газарт Улсын хилийн 828, 829 дүгээр баганы чиглэлээр ОХУ-аас түймэр орж ирсэн тухай дуудлагыг өчигдөр 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42 дугаар 11 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага энэ сарын 13-ны 10:40 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 албан хаагч, орон нутгийн 48 хүн, нийт 115 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өглөө 06:50 цагт цурманд оруулсан байна. Өчигдрийн байдлаар нэмэлт дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт аймгийн Онцгой байдлын газрын 96 албан хаагч, 9 автомашин, орон нутгийн 83 иргэн, 11 автомашин, 3 мотоцикль, нийт 179 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг ОБЕГ-аас өглөө.