Хятадын Хайнань мужийн Баоа хотод болж байгаа 2019 оны Баоагийн Азийн чуулга уулзалтын хүрээнд Азийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудыг жагсаажээ. Эдийн засгийн өндөр үзүүлэлтийнхээ үр дүнд сайн хөрөнгө оруулалт авч чадаж, өрсөлдөх чадвартай болсон чансааг энд харуулжээ.
10. АНЭУ
АНЭУ-ын эдийн засгийн гол үндэс нь Давтан экспорт, түүхий нефть, хийн худалдаа, олборлолт, экспорт. Өдөрт дунджаар 2,2 сая баррель нефть олборлодог. Нефть нь АНЭУ-ын эдийн засгийг хэдэн аравхан жилийн дотор хурдацтай өсөхөд нөлөөлсөн юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээ эдийн засгийн бусад салбарууд, тэр дундаа гадаад худалдаагаа ч эрчимтэй хөгжүүлж чаджээ.
Дубайн худалдааны төв болон түүний Жебел Али чөлөөт бүс гадаадын хөрөнгө оруулалтыг маш ихээр татдаг. Рашид болон Жебел Али боомт нь дэлийн хамгийн шилдэг 40 контейнер боомтын дунд байрладаг бөгөөд жилд 3 сая гаруй нэгж контейнерийг эдгээр боомтоор нэвтрүүлдэг байна.
9. Эх газрын Хятад
БНХАУ-ын эдийн засаг 2018 онд дэлхийд худалдан авах чадварыг тооцсон ДНБ-ээрээ нэгдүгээрт бичигджээ. Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ мөн сансар, цөмийн хөтөлбөрөөрөө дэлхийн том гүрэн болсон.
8. Шинэ Зеланд
Зах зээлийн систем хөгжсөн, хөдөө аж ахуй, боловсруулах болон хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал гол салбар нь болсон улс юм. Улс орны эдийн засаг экспортоо түшиглэдэг байна. Тус улсын худалдааны гол түнш нь Австрали, АНУ, Япон, Хятад юм.
7. Австрали
Австралийн эдийн засагт үйлчилгээний салбар давамгайлдаг. Тус салбар нь ДНБ-ий 68 орчим хувийг хангадаг байна. Уул уурхайн салбар ДНБ-ий 10 хувийг эзэлдэг бол ашигт малтмалын олборлолттой холбоотой эдийн засгийн салбар ДНБ-ий 9 хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн өсөлт нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбараасаа нэлээд хүчтэй хамаарна.
Эдгээр бүтээгдэхүүнээ голчлон Зүүн Азийн зах зээлд экспортолдог. Байгалийн нөөцөөр баялаг Австрали улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол экспортлогчдын нэг. Ялангуяа улаан буудай, ноос, түүнчлэн төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмал, шатдаг байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байна.
6. Израиль
Израиль улсын эдийн засаг зах зээлийн, технологийн хувьд хөгжсөн, улс орны оролцоо ихтэй. Израиль нь эдийн засгаараа ч тэр, үйлдвэрлэлийн хөгжлөөрөө ч тэр Баруун Өмнөд Азийн хамгийн хөгжингүй орнуудын нэгд тооцогддог.
Израиль улс ихэвчлэн түүхий эд, зэвсэг, үйлдвэрлэлийн хэрэгсэл, боловсруулаагүй алмааз, түлш, үр тариа, хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Программ хангамжийн дэвшилтэт технологий, харилцаа холбоо, байгалийн шинжлэх ухаан зэрэг нь энэ улсыг Ази дахь “Цахиурын хөндий” болгожээ.
5. Япон
Дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засгийн нэг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Хятад, АНУ, Энэтхэгийн дараа 4-рт ордог. Үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр бөгөөд механик тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, ган, хөлөг онгоц, химийн бодис, бөс даавуу, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлчилгээний салбар нь ДНБ-ий ¾-ийг эзэлдэг байна.
4. Хонконг
Тус газар нутгийн эдийн засаг чөлөөт зах зээл, бага татвар, төрөөс эдийн засагт оролцдоггүй зэрэг дээр үндэслэгдсэн. Хонконг нь оффшор газар нутаг, чөлөөт боомт бөгөөд импортын гаалийн татвар авдаггүй, НӨАТ-ын татвар байдаггүй. Харин импортынх уу, бүс нутгийнх уу гэдгээс үл шалтгаалан дөрвөн төрлийн бүтээгдэхүүнд л татвар авдаг.
Энэ нь согтууруулах ундаа, тамхи, эрдэс тос, метилийн спирт юм. Хонконг нь олон улсын санхүү, худалдааны чухал төв. Нэг хүнд ногдох ДНБ, нэг хүнд ногдох бүтээгдэхүүнээрээ Хонконг нь БНХАУ-ын хамгийн баян хот болдог.
3. Сингапур
Зах зээлийн эдийн засаг хөгжсөн, нэг хүнд ногдох ДНБ хамгийн өндөр улсын нэг юм. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр хөгжингүй орны түвшинд хүрсэн болохоор “Зүүн Азийн бар улс” гэгддэг. Цахилгаан хэрэгсэл, усан онгоц үйлдвэрлэлт, санхүүгийн үйлчилгээний салбар хөгжсөн. Үнийн тогтвортой байдлыг дэмждэг. Сингапурын эдийн засаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологи, эмийн салбар гээд бүтээгдэхүүний экспортоос хамааралтай.
Үндэстэн дамнасан корпорациуд эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Сингапурын эдийн засаг бол хамгийн нээлттэй, чөлөөтэй, авлигаас ангид эдийн засаг юм. Сингапур улс эм бэлдмэл, анагаахын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чаддаг, Зүүн Өмнөд Азийн санхүү, өндөр технологийн хөгжлөө үргэлжлүүлэх улсын тоонд ордог.
2. Тайвань
Тайвань нь динамик капиталист эдийн засагтай, Засгийн газраас хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд тавих хяналтын түвшин алгуурхан багасч байгаа газар юм. Энэ чиг хандлагадаа нийцүүлэн төрийн өмчид байгаа хэд хэдэн томоохон банк, үйлдвэрүүдээ хувьчлах үйл ажиллагаа явуулж байна.
Уламжлалт хүнд салбарууд нь хилийн чанадад гарч, оронд нь хөрөнгийн болон өндөр технологийн үйлдвэрлэл нэвтэрч байна. Тайвань нь Хятад, Тайланд, Индонез, Филиппин, Малайз, Вьетнамтай хөрөнгө оруулалтын нягт холбоотой ажилладаг.
1. Өмнөд Солонгос
БНСУ бол хүн амын орлогын өндөр түвшинтэй эдийн засгийн хөгжингүй улс юм. Өнөөгийн байдлаар Өмнөд Солонгосын эдийн засаг ард түмний хэрэглээний барааны үйлдвэрлэл дээр төвлөрч байна.
Тухайлбал, цахилгаан бараа, бөс бараа, автомашин, түүнчлэн хүнд үйлдвэрлэл буюу усан онгоц, гангийн үйлдвэрлэл зэрэг хөгжжээ. Эдгээр салбарын бүтээгдэхүүн ихэвчлэн экспортод гардаг. Өмнөд Солонгосын эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагчид нь АНУ, Япон, Их Британи юм.
Эх сурвалж: https://news.rambler.ru/