БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тов зарлагдсан тул хамрагдах хүсэлтэй хүмүүс www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар товлогдсон хугацаанд бүртгүүлнэ үү. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.
Бүртгэл эхлэх хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 1
Бүртгэл дуусах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31
2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны таван мянга орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл нь зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авахгүй.
Тэтгэлэгт 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах эрхтэй. Зарим Их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.
Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр тэтгэлэг горилогчдын дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзолыг хангасан байх ёстой. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, аль эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс татгалзсан хүмүүс хамрагдахгүй. Тэтгэлэг горилогч нь Турк Улсад урьд өмнө нь бакалаврын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх хэрэгтэй.
Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахад сонгосон Их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “0 -850- 455- 0-982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл info@turkiyeburslari.org хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.
Эх сурвалж: БНТУ-ын ЭСЯ