Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өчигдөр /2017.02.23/ Канад Улсаас Монгол Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Эд Жейгар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эрхэм Элчин сайд Эд Жейгарыг хүрэлцэн ирсэнд талархаад хоёр орны найрамдалт харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэн Канад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлэх талаар ярилаа.
Элчин сайд Эд Жейгар хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж байна. Тэр дундаа уул уурхайн салбарыг нэрлэж болно. Бусад салбарт Канадын хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг бид судалж байна. Нааштай үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас бид чадах бүхнээ хийх болно” хэмээн онцлов.
Уулзалтын төгсөлт элчин сайд Эд Жейгар хоёр орны найрсаг харилцаа урьдын адил үргэлжилнэ гэдэгт итгэлтэйгээ байгаа илэрхийлэн, Монголын ард түмэнд цагаан сарын мэндийг дэвшүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.