Бага насны хүүхэд голд живсэн тухай дуудлага Булган аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагыг өчигдөр (2019.04.07) 18:05 цагт ирсэн бөгөөд Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн “Мөнхийн цагаан” гэдэг газар тус сумын харьяат иргэн Д-гийн 5 настай хүү О “Сэлэнгэ” голын усанд осолдсон байна. Өчигдөр 19:00 цагаас эхлэн тус аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, ар гэрийн 20 хүн, нийт 40 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд Орхон голын усанд нэр, хаяг нь тодорхойгүй хүн усанд живсэн тухай бид энэ сарын 3-ны өдөр мэдээлсэн билээ. Тэгвэл усанд осолдсон иргэн нь тус сумын харьяат 54 настай О /эрэгтэй/ гэгч байсан аж.
Түүнийг “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 2-ны 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхнийх нь хамт нийт 14 хүн эрлийг зохион байгуулж байгаа юм. Өчигдрийн (2019.04.07) байдлаар тэд 2 бүлэгт хуваагдан осолдсон газраас Тавтын пост, Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл усаар болон хуурай газраар нийт 50 км-т, 3 метрийн гүнд 1 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрлийг түр зогсоожээ. Харин өнөөдөр 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.