Дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь буруу хооллолтоос болж амь насаа алдаж байна гэсэн дүгнэлтийг судлаачид саяхан гаргаад байна. Тодруулбал, сахар, давс болон махны хэтрүүлсэн хэрэглээнээс болж амь насаа алдаж буй иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа аж. НҮБ-ын гаргасан тооцооллоор дэлхий дахинд нэг тэрбум орчим хүн хүнс тэжээлийн дутагдалд байгаа бол хоёр тэрбум хүн хэт их хүнс тэжээлийн дунд байна гэсэн тооцоо гараад байна.
Түүнчлэн дэлхийн 195 улсыг хамруулсан хоол, хүнсний хэрэглээний талаарх томоохон судалгаагаар иргэдийн дийлэнх нь “буруу” төрлийн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хоол хүнс хэрэглэж байгаа нь нотлогджээ. Үүний тод жишээгээр, нэг хүн дунджаар зохих ёстой хэмжээний сахарын хэрэглээнээс арав дахин их сахар агуулсан уух болон идэх зүйл хэрэглэдэг ба сод, давсыг ч мөн зохих ёстой хэмжээнээс 86 хувиар илүү хэрэглэдэг нь тогтоогджээ.
Жил бүр буруу хооллолт, сахар, давсны хэтрүүлсэн хэрэглээнээс болж амь насаа алдаж буй 11 сая хүний үхлийн шалтгаанаар хоол хүнсний буруу дэглэм, түүнээс шалтгаалсан зүрх судасны өвчлөл багтаж байна. Судалгааг гүйцэтгэсэн Вашингтоны Их сургуулийн Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал Крисофео Муррэй “Энэхүү судалгаагаар олон жилийн туршид хүн төрөлхтний амь насанд заналхийлж буй эрсдэлт хүчин зүйлсэд хоол хүнс багтаж байгааг нотолж байна.
Тус судалгааны үр дүн иргэдийг мах, сахар болон давсны хэрэглээгээ хоёр дахин бууруулж, харин жимс ногооны хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулаад байна” хэмээжээ.
Эх сурвалж: Straitstimes.com