Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийг төлөөлж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт тусгасан гол асуудлуудыг хүргэж байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт зургаан бүлэг, 57 саналд үндэслэсэн ба ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсөв, инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагыг чангатгах зэрэг асуудлуудыг тусгалаа.
Үүнд:
1. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД Үйлдвэржилтийг эдийн засгийн бодлоготой уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлнэ, Албан бус эдийн засагт ажиллагчдын хөдөлмөрийн суурь эрхийг баталгаажуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд шийдвэрлэнэ, ”Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахаар боллоо.
2.ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ЦАЛИН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР төрийн албан хаагчдын цалинг 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс инфляцийн түвшингээс доошгүй нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэх, төсөвт байгууллагуудын нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардлыг нэмэгдүүлж төсөвт тусгалаа.
3.ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР төр, төсвийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл дагасан тээврийн компаниудыг гурван тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, үндэсний хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт, зөвлөмж гарган ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, чанарын удирдлагын тогтолцооны болон нийгмийн хариуцлагын стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэх, арга зүйн зөвлөмж болгон хэрэглэх
Мөн Улсын их хурал, Засгийн газраар шинээр батлах, батлагдсан хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сурталчилах, дагалдан гарах журам, зааврыг боловсруулахад нийгмийн түншлэгч талуудаас санал авч, зөвшилцөн шийдвэрлэж байхаар боллоо.
4.НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД тэтгэвэр тогтоолгоход даатгуулагчийн сонгох дараалсан таван жилийг долоон жил болгосон, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгосон шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан УИХ-д хүргүүлэх, Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад холбогдох өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх, Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууцтай болоход дэмжлэгүзүүлэх асуудлыг эдийн засаг, санхүүгийн болдлоготой уялдуулж хэрэгжүүлэхээр тохирлоо.
Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадын зориулалттай амралт, сувиллын үйлчилгээний чанар, хяналтыг сайжруулах, амьжиргааны түвшин доогуур орлого багатай ахмад настнуудыг хамруулах боломжийг бүрдүүлэхээр Улсын хэлэлцээрт тусгалаа.
5.НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР Монгол Улсын Засгийн газрын “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тогтоолыг шинэчилэх, Салбар, орон нутгийн хоёр ба гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд талууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж чиглэл өгч, үр дүнг тооцон ажиллахаар боллоо.