ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба сайд асан хүнийг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Уг баривчилгаа өнгөрсөн Мягмар гарагт болжээ.
2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Михайл Абызовын албан тушаалыг 2018 онд цомхотгосон аж.
Абызовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж, хамсаатан гэх таван хүний хамт баривчилсан байна.
Мөрдөгчдийн мэдээлснээр, Абызов тэрхүү мөнгөө оффшор бүсэд байгуулсан компанидаа шилжүүлж, улмаар бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой байдал, эрчим хүчинд заналхийлэл учруулжээ. Абызовын гэм буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэлх хорих ялаар шийтгэгдэж болзошгүй байгаа юм байна.
Төрийн удирдах албан тушаалтан гэмт бүлэглэлд оролцсон тохиолдолд ялыг нь хүндрүүлэх саналыг өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын Холбооны зөвлөл дэмжжээ.
2018 онд авлигын гэмт хэргээр шалгагдсан төрийн 1300 албан тушаалтныг Ерөнхий прокурорын газраас ажлаас нь чөлөөлсөн байна.