Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Берлин хотноо мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Их Хурал (Парламент) нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс нэн их санаа зовниж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу шүүх, прокурор болон Авлигтай тэмцэх газрын удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэн улмаар чөлөөлөх боломжийг уг нэмэлт, өөрчлөлтөөр олгожээ. Энэхүү үйлдэл нь төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалт хийгээд тэдгээрийн харилцан хяналт – тэнцлийг хангах, эрх зүйт ёсыг дээдлэх жишгийг уландаа гишгэсэн явдал мөн.
Парламент нь уг нэмэлт, өөрчлөлтийг үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн үзэж нэн яаралтай горимоор 24 цагийн дотор нийтийн сонсгол хийгээд зохих хэлэлцүүлэг үгүй асар хурдан баталжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч нь шууд дараагийн өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг огцруулсан байна. Энэхүү алхам нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээлийг УИХ-ын нийт 75 гишүүний 49 нь авсан гэх цуурхал түгэж, тэд өөрсдийн ашиг хүртдэг буюу хянадаг бизнес аж ахуйн нэгж руу оруулж завшсан байж болзошгүй хэргийг Авлигтай тэмцэх газар, прокурорын байгууллага мөрдөн шалгалтын үйл явцтай давхцаж байна.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн Delia Ferreira Rubio нь хэлэхдээ: “Шүүх эрх мэдлийн асуудалд улс төрчид хөндлөнгөөс оролцон халдсан явдалд сэтгэл санаа ихээхэн түгшиж байна. Шүүх, прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдлагыг дур зоргоор өөрчлөх боломжийг нээсэн нь Монгол Улсад авлигын эсрэг тэмцэж буй үйл хэргийн хувьд томоохон ухралт юм. Шүүх засаглал болон авлигатай тэмцэх тогтолцоонд доголдол байгаа нь тухайн улс оронд шударга ёсыг тогтоох бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох шүүх, авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдах шалтаг байх ёсгүй” хэмээн мэдэгдлээ.
Улс төрийн буюу өндөр түвшний авлига нь ардчилалд хамгийн их аюул заналхийлэл учруулж буйг Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь үндэсний салбарын зүгээс засаг төрийн анхааралд дахин хандуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийн дагуу шударга шүүхээр шүүлгэх эрхтэй боловч авлигын гэм буруутай албан тушаалтнууд ял шийтгэл завшиж, хариуцлагаас мултрах ёсгүй хэмээн үзнэ.
Мөн түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас боловсруулан санал болгож буй ашгийн бус хуулийн этгээд буюу ТББ-ын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслөөр иргэний нийгмийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, нөөц санхүүжилт авах эрх чөлөөнд халдахаар заналхийлсэн явдалд Транспэрэнси Интернэшнл байгууллага санаа их түгшиж байна. Ийнхүү, ардчилсан эрх чөлөөнд халдах нь авлигыг улам бүр даамжруулж, гэм буруутай нь ял шийтгэлгүй завших боломж олгоно. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 11 дүгээр болон 13 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ засаг төр нь шударгаар сахин биелүүлж, шүүх эрх мэдэл хийгээд авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бүрнээ ханган ажиллахыг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулав .