Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл доор нэр дурдсанаас бусад төрлийн загас агнахыг хориглодог. Энэ хугацаа нь тухайн төрөл загасны үржлийн үе юм. Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л амьдардаг аж. Мөн үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул учирдаг тул энэ үеэр загасчлалд хорио тогтоодог байна.
-Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;
-Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;
-омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;
-зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;
-Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд агнахыг хориглоно.
Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр тул загасыг дараах тохиолдолд агнаж, барьж болдог байна. Үүнд:
-судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;
-Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;
-тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор зөвшөөрөл авч болно. Гэхдээ тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглоно.
Хэрэв хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх, эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулна.