Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ш.Даваадорж: Антарктидын далайд шумбаж Гиннест нэрээ бичүүлнэ – updown.mn

Ш.Даваадорж: Антарктидын далайд шумбаж Гиннест нэрээ бичүүлнэ

Швед улсын Скеллефтеа хотноо “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн” өнгөрөгч хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Уг тэмцээнд 18 улсын 400 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөн. Энэхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээнд монгол улс төдийгүй Ази тивийг төлөөлж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын усчин аврагч, өвлийн усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер шагдарсүрэнгийн даваадорж оролцон хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлж дэлхийн цомын шилдэг тамирчин болсон юм. Усан спорт тэр дундаа өвлийн усан спортын төрлөөр сүүлийн жилүүдэд тасралтгүй амжилт үзүүлж байгаа тамирчныхаа амжилт ололтоос хуваалцлаа.

– Зэрэглэл өндөр олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль ихэрлүүлэн ирсэн танд юуны өмнө баяр хүргэе. Швед улсад болсон “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээн”-ээр яриагаа эхлэе. Оролцсон тэмцээний амжилтаасаа хуваалцана уу?

– Швед улсад болсон энэ тэмцээн бол “Скандиновын улс орнуудын Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээнээс миний хувьд далайн гахай, мэлхий сэлэлт, өврөөр даллах гэсэн төрлөөр нийт 25-100 метрийн таван зайд уралдаж хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

– Усанд сэлэлтээр хэдэн жил хичээллэж байна вэ?

– Усанд сэлэлтээр нийт 36 жил хичээллэж байна. Үүнээс сүүлийн таван жилд нь мөстэй болон өвлийн усанд сэлэлтийн төрөлд явж байна. Ер нь усанд сэлэлтийн спорт ердийн, мөстэй усанд сэлэлт, өвлийн усанд сэлэлт гэсэн гурван төрөл байдаг. Ердийн усанд сэлэлт нь бассейн дотор нэмэх 28 градуст уралддаг. Мөстэй усанд сэлэлт болон өвлийн усанд сэлэлтийн зэрэг бол -2 оос +2 градуст байдаг юм.

– Монгол Улс, Ази тивийг төлөөлөн оролцсон ганц тамирчин нь та байсан гэсэн?

– Яг одоогоор өвлийн усанд сэлэлтийн төрлөөр манай улсад надаас өөр тамирчин байхгүй гэж хэлж болно. Гэтэл би энэ тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс оролцож байгаа хамгийн анхны тамирчин болсон. Бусад улс орны тамирчид “Монгол хүн сэлж чаддаг юм уу” гэж асуудаг. Тэмцээний дараа “Та нар сэлж чаддаг юм байна” гэдэг. Миний хувьд олон орны тэмцээнд эх орноо төлөөлөн ганцаараа энэ төрлийн тэмцээнүүдэд оролцож байна.

– Мөстэй усанд сэлэлт, өвлийн усанд сэлэлт гэдэг шинэ төрөл үү, эсвэл манай улсын хувьд шинэхэн сонсогдооод байна уу?

– Монгол улсад бол энэ шинэ нэр томъёо сонсогдож болох юм. Би бол сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2013 оны 10 сард анх удаа өвлийн усанд сэлэлтийн төрөлд оръё гэж бодоод нэвтрүүлгийг нь үзээд тэр цагаас бэлдэж эхэлсэн. Ингээд 2014 оны хоёрдугаар сард анх тэмцээнд орсон. Тэрнээс хойш тасралтгүй хичээллэж байна. Дэлхийд 1864 онд Англи улсад хамгийн анхны тэмцээн зохион байгуулагдаж байсан түүхтэй юм билээ. Сүүлд Афины олимп 1896 онд болоход тухайн үеийн усан спортын тамирчид оролцоход усны температур нь +12 байсан гэдэг. Энэ бол өвлийн усанд сэлэлтийн хамгийн дулаан ангилал. Ингээд сая болсон тэмцээн гэхэд 153 дахь удаагийнх нь болсон юм.

– Дээрх хоёр төрлийн усны температур нь хэд байдаг бол?

– Адилхан -2 оос +2-ын хооронд байгаа. Шведэд болсон тэмцээний усны температур -1 байсан. Хүмүүс гайхаж асуудаг юм. Ус тэг градуст хөлддөг шүү дээ. Яаж -2 хэмтэй усанд сэлдэг юм бэ гэж. Далайн ус, том нуурууд давстай учраас өөрийн шинжээсээ хамаараад хөлдөлт нь өөр. Зарим нь -2, зарим нь -3 т хөлдөнө. Антриктид бол -2,8 болоод усан овоолго үүсдэг шүү дээ.

– Усан спорт тэр дундаа яагаад мөстэй усанд сэлэлт, өвлийн усанд сэлэлтийн төрлийг сонгон хичээллэдэг юм бэ, хэцүү биш үү?

– Би уг нь ердийн бассейны усанд сэлэлтээр 1983 оноос хойш хичээллэж байгаа юм. Эрдэнэтийн Хангарьд спортын клубт шигшээ багийн тамирчин байлаа. Тэгээд өвлийн усанд сэлэлтийн спортын тэмцээнийг үзээд энэ төрлөөр хичээллэж хүч, тэсвэрээ үзье гэж бодсон.

– Харин одоо зорилгодоо хүрсэн гэж хэлж болох уу?

– Ер нь зорилгодоо хүрсээн хүрсэн. Би 2014 оны хоёрдугаар сард тэмцээнд орчихоод тэрнээс хойш таван жилийн хугацаанд ямар ч байсан явъя. Ямар үр дүнд хүрэх нь үү үзье гэж бодсон. Тэгээд 2014 оныхоо 10 дугаар сард ОХУ-ын Владивостокт болсон Дэлхийн цомын аваргаас далайн гахайн төрлөөр нэг алтан медаль авсан. Усны температур -2, гадаа агаарын температур -28 хэм, цасаар шуурч байсан. Тэндээс би их урам авсан даа. Одоо би 27 алт, 27, мөнгө 14 хүрэл дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдийн нийт 70 гаруй медальтай.

– Усан спортоор хичээллэж эхэлсэн үеийг эс тооцвол яг өвлийн усанд, мөн мөстэй усанд сэлэлтийн төрлөөр хичээллэсэн хугацаа тань богино юм. Гэвч маш их амжилт гаргасан байна шүү дээ. Энэ хоёр төрөл хэр ялгаатай вэ?

– Би бол богино зайн тамирчин. Бага хугацаанд их хүч гаргаж сэлж уралддаг арга барилтай. Энэ бол 25, 50, 100 гэсэн зайнд гэсэн үг. 1983 оноос хойш тэмцээнд оролцохдоо дандаа ойрын зайнд оролцсон. Усанд сэлэлтийн төрөл гурван янз байдаг. Ойр, дунд, холын зай гэсэн. 100 метр хүртэлх нь ойрын зай, 400, 800 метр бол дундын зай, 1000,1500 бол холын зайнд орно. Энэ бол бассейны төрөл дотроо шүү. Өвлийн усанд сэлэлт болохоор ялгаагүй тэр зайнууд байна. Гэхдээ задгай тэнгисийн уралдаан гэж байдаг шүү дээ. Би тэр холын зайн тамирчин биш. Холын зайнд уралддаг хүмүүс мөн адил ойрын зайнд огцом хүчийг гаргаж уралдаж чаддаггүй л дээ. Аль алинд нь техник өөр, цэвэр тактикийн асуудал байдаг.

Сэтгэл зүйгээ бэлтгээгүй хүн хүйтэн усанд сэлж чаддаггүй

– Та шавьтай юу, яг өөрийн хичээллэдэг энэ төрлөөрөө шавь бэлдэх үү?

– Хүүхэд залуучуудыг сургаж шавь бэлтгэх тал дээр би огт бодож байгаагүй. Яагаад гэвэл би өөрөө тамирчин хүн. Хүүхэд, залуусыг уриалахгүй. Учир нь энэ өөрөө экстрим спорт. Жишээлбэл Тумены тэмцээн дээр миний дараагийн гарсан тамирчин нас барсан. Тэр тамирчин өөрөө өөрийгөө би 50 метр далайн гахай сэлэлтээр сэлж чадна гэж бодоод 50 метр уралдсан. Гэтэл тэр чадаагүй. Энэ төрөл хамгийн хүнд төрөл. Хүйтэн ус руу гэнэт орж богино хугацаанд их хүч гарган, зүрх нь хэт ачааллаж, үүний улмаас гүн харвалт өгөөд газар дээрээ нас барсан. Харин Монголд бассейнд сэлдэг 350 орчим тамирчин байна. Тэднээс 70 хувь нь бага, өсвөр насны тамирчид. Тэгэхээр нэг ч хүн энэ төрлөөр хичээллэе, оръё гэж ярьдаггүй.Тэд мэднэ. Ийм учраас би хүмүүсийг ятгахгүй. Хамгийн наад зах нь бие, сэтгэл санааны бэлтгэл хэрэгтэй. Хүйтэн усанд олон цагаар байх тэсвэр хатуужил хэрэгтэй. Ганц сэлдэг байгаад болчихгүй.

– Нэг үеэ бодвол хүмүүс бие бялдар, эрүүл мэнддээ маш их анхаардаг болжээ. Туршлагатай тамирчин хүний хувьд усан спортоор дөнгөж хичээллэж эхлэж байгаа хүүхэд залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

– Би анх хүйтэн усны тэмцээнд 2014 онд орж байхдаа бодож л байсан. Яанаа гэдэг айдастай. Гэхдээ би өмнө нь маш их бичлэг үзэж судалж байсан учраас дэлхийн бусад улс орнуудын тамирчид хийгээд байхад яагаад Монгол хүн хийж чадахгүй гэж. Бид чинь жилийн дөрвөн улиралтай, хасах 50 хэм гардаг эрс тэс уур амьсгалтай орон гэж бодон сэтгэл зүйгээ бэлдсэн. Хоёрдугаарт айдастай хүн байдаг. Энэ үед усандаа орж танилцах л хэрэгтэй. Айдсаар өөрийгөө бүрэх шаардлагагүй. Тэгэхээр айдсыг чи өөрөө сэтгэхүйгээрээ дарж чадна. Дээр нь айдсыг давахад багш тусалж байж аажмаар гардаг.

– Хасах градустай усанд орохоор ямар мэдрэмж төрдөг вэ?

– Хэдэн зуун зүүгээр бүх биеийг шивж, хатгаж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. /инээв/ Сонирхуулахад тасалгааны крантны хүйтэн ус +12. Харин бид -2 т уралдаж байна. Бассейны ус +28 градус байдаг. Тэгэхэд +24 градус болоход бүх хүмүүсийг усанд оруулахгүй хаадаг. Даарна, осгоно ханиад хүрнэ гээд. Харзны ус +6 хэм байдаг юм шүү дээ.

– Та бол тамирчин. Мөн усчин аврагч. Ажлынхаа талаар ярилцъя.

– Оны өмнөхөн би Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад усчин аврагчаар ажилд орсон юм. Өмнө нь Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн ахлах дасгалжуулагч байсан. Би нийтдээ 60 гаруй улсын тамирчинтай найз болсон сүүлийн таван жилийн хугацаанд. Ингээд харахад ихэнх тамирчин тухайн орныхоо онцгой байдлын газартаа харьяалагддаг юм билээ. ОХУ, Латви, Литви, Эстони, тэрнээс гадна мэргэжлийн тамирчид бас байдаг. Ингээд тэр тамирчид, тэдэнд тавьдаг шаардлагыг харахад “Чи Онцгой байдлын байгууллагад ажилладаг л бол хүн авардаггүй юмаа гэхэд өөрөө сэлж чаддаг байх ёстой”. Дээр нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг чадвартай байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Надад чадвар нь байна, бүх чадлаараа албандаа зүтгэнэ дээ.

– Ер нь таныг усанд дурласан хүн гэж хэлж болох нь ээ?

– Угаасаа ус миний хобби. Цэвэр хобби. Яагаад би усан спортоор амжилт гаргаад байна вэ гэхээр хоббигоо хөгжүүлсэн болохоор. 1983 онд усанд сэлээд 1988 онд ОХУ-д сургуульд байхдаа бодибилдингээр хичээллэж эхэлсэн. Энэ үедээ “Монголын мистер” тэмцээнд 1991-1996 онд орж жиндээ гурав түрүүлж нэг удаа мөнгөн медаль хүртсэн. Усанд хүч хэрэгтэй. Надад тэр хүч байсан ингээд би эргэлт буцалтгүй шийдсэн. Усан спортоор дөнгөж одооноос хичээллэж байгаа хүн байж болно. Тэр хүн надтай хамт тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчин болохыг ч үгүйсгэхгүй. Дээр нь энэ спорт насны хязгаартай ч тэр хүнд боломж, нөөц нь байвал болохгүй зүйл гэж үгүй. Би одоо 50 нас хүрч байна. Анх дөрвөн жилийн өмнө дөрвөн насны ангилалтай байсан. Одоо 10 насны ангилалтай явагдаж байна. Яагаад гэвэл 2022 онд Өвлийн олимпийн нэг төрөл болох гэж байна. Олимпийн төрөл өөрөө насны ангилалгүй байх ёстой. Энэ рүү шилжээд байгаа юм.

– Тэгэхээр таны мөрөөдөл 2022 оны Өвлийн олимп гэж хэлж болох нь?

– Мэдээж тамирчин хүний хувьд 2022 оны Өвлийн олимпд оролцоно гэсэн том мөрөөдөл байна. Дараа нь 2025 онд Антарктидын усанд шумбаж Гиннесийн номд нэрээ бичүүлнэ гэсэн том зорилт тавьсан байгаа. Ер нь өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд 10 дугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд явагддаг. Энэ хугацаанд дэлхий дээр болдог яг энэ төрлийн 35 тэмцээн байна. Саяхан 3-р сарын 14-20 ны хооронд ОХУ-ын Мурманск хотод мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах 3-р тэмцээн, Арктикийн цомын 1-р тэмцээн боллоо. Энэ тэмцээнд 32 улсын 400 гаруй тамирчин оролцож миний хувьд 50,100 метрийн зайнд дөрвөн төрлөөр оролцож дөрөв, тавдугаар байранд орсон амжилт үзүүллээ.

– Одоо таны оролцохоор төлөвлөж буй хамгийн ойрын ямар тэмцээн байна?

– Миний хувьд яагаад Шведэд болсон тэмцээнд орсон бэ гэвэл гурван удаа дэлхийн цомын аваргын тэмцээнд ороод нийлбэрээр нь дэлхийн чансааг гаргадаг. Миний хувьд 2017 онд дэлхийн чансаагаараа дөрөвдүгээрт бичигдсэн. 2018 онд долдугаар байранд орсон.

Яг одоогийн байдлаар өмнө оролцсон дэлхийн аварга, хоёр удаагийн дэлхийн цомын аваргын нийлбэр дүнгээр дэлхийд чансаагаараа нэгдүгээрт ороод байна. Одоо гурав дах дэлхийн цомын аваргын сүүлийн шатны тэмцээн энэ сарын 27-30-нд ОХУ-ын Петрозаводскт болно. Энэ тэмцээнд хэрхэн оролцохоос миний чансаа урагшлах, хойшлох эсэх нь шийдэгдэх юм.

– Хүсэл мөрөөдөл байгаа цагт хүрэх замын бартаа саадыг үл ажран зорилго биелдэг гэдэг. Танд амжилт хүсье. Чансаагаа ахиулж, мөрөөдлөө биелүүлээрэй.

Ярилцсан: Б.Энхмаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн