“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр (2019.04.01) мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй байдлын хангаж, гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж буй юм. Тэд өнгөрсөн баасан гаригаас эхлэн Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан ч суулт хийх зөвшөөрөлгүй байсан гэх шалтгаанаар цагдаа нар суултыг тараасан байна.
Харин энэ талаар “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн “Өглөө 11 цагт жагсаал цуглаан эхэлсэн. Улмаар үдээс хойш манай хөдөлгөөнийхөн хугацаагүй суулт зарлахаар болж хотын захиргаанаас бидэнд хариу өгөх байх гэж хүлээсэн. Майхан бариад баасан гаригт тэндээ хоноцгоосон. Гэтэл бямба гаригийн орой 21 цаг орчимд цагдаагийн удирдлагууд бидэнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжийг уншиж танилцуулсан. Цагдаа нар хоёр цагийн дотор тарахыг шаардан, захирамж уншчихаад яваад өгсөн. Оройн 23:00 цагийн орчимд дахин цагдаа нар ирж, суулт хийж байсан 18-70 насны 23 хүнийг хүч хэрэглэн тараасан” гэлээ.
Тэрхүү захирамжид “Гэр хороолол хөдөлгөөн нь нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журмыг алдагдуулан хууль бусаар жагсаж байгаа эдгээр хүмүүсийг албадан тараа” гэсэн утгатай байжээ.
“УИХ-ын гишүүд нь бөөнөөрөө нийлчихээд талбай дээр 40-50 гэр барин бүхэл бүтэн сар жагсаал цуглаан хийж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, эрх мэдэл эд баялаг булаацалдан тэмцэлдэж байхад тэд шударга. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэхийг хүсэх нь яагаад шударга бус явдал болдог юм бэ” гэж хөдөлгөөнийхний зүгээс байр сууриа илэрхийлж байна.
Тэд ирэх Баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрх чөлөөний талбай дээр дахин жагсана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Нэхэн сануулахад, 2018 оны тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн тус хөдөлгөөн Сүхбаатарын талбайд бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсныг цагдаагийн алба хаагчид тарааж байсан билээ. Тэд тухайн үед мөн л сайн дураар тарах шаардлагыг хүлээн аваагүй байдаг. Тиймээс жилийн өмнө ч, энэ удаад ч хууль бус суултыг ийнхүү цагдаагийн хүчээр тараасан байна.