НАСА болон Европын сансрын агентлаг 60 өдрийн турш орноосоо босохгүй хэвтэхэд бэлэн сайн дурын хүмүүсийг цуглуулж байна. Энэ нөхцөлийг биелүүлсэн хүнд 19 мянган долларын шагнал өгөх юм. Одоогоор хэдэн мянган хүн туршилтад оролцох хүсэлтээ гаргаад байна. “Өчигдрөөс хойш нэг шөнийн дотор бидэнд 1300 өргөдөл иржээ.
Өмнө нь ч бас хэдэн мянган хүсэлт хүлээн авсан. Их Британи, АНУ-аас оролцох хүсэлтэй хүн олон байна” гэж Германы сансрын төвийн сансрын анагаах ухааны хүрээлэнгийн албан ёсны төлөөлөгч Фридерике Вютшер мэдэгджээ. Шалгуурт тэнцэх хамгийн гол нөхцөл нь германы хэлийг чөлөөтэй эзэмшсан байх ёстой гэнэ.
Туршилт 15 хоногийн бэлтгэл, 60 хоногийг орон дээр хэвтэж өнгөрүүлэх, 14 хоногийн нөхөн сэргээх эмчилгээ маягаар явагдана. Орон дээр хэвтэж өнгөрүүлэх хугацаанд 100 гаруй эрдэмтэн хүний бие махбодод жингүйдлийн нөлөө ямар байдгийг тогтоох төрөл бүрийн судалгаа явуулна. Ингэхдээ 24 оролцогчийн нэг болохын тулд нэлээд нарийн шалгуураар орох юм байна. Туршилтын хугацаанд хүссэн үедээ гарч болно.
Гэхдээ аль болох гарахгүй байх нь чухал гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Туршилтын үеэр хүмүүсийг тусад нь хайрцагт байршуулж, найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө уулзах боломжгүй болно. Гэхдээ гар утас, интернэт, зурагт зэрэг ашиглахыг зөвшөөрнө. Түүнчлэн чөлөөт цаг, хүсэл байвал туршилтад оролцсон хүмүүс хоорондоо уулзаж болно. Ингэхдээ тэднийг ортой нь зөөвөрлөж, өөр өрөөнд оруулах буюу олон ор багтах том зааланд зөөж оруулах юм байна. Энэ туршилтад орсноор сансарт нисэх, эсвэл сансрын нисэгчийн мэргэжил эзэмших хөнгөлөлт авахгүй гэжээ.
Эх сурвалж: https://ria.ru/
2 comments
Би оролцох юмсан
ИЙМ ХҮН ХИЙХ АЖИЛГҮЙ МОНГОЛООС ТОДРОХ МАГАЛАЛТАЙ БОЛОЙ