Хонгконгийн төрийн албан хаагч асан Патрик Хо Хятадын эрчим хүчний компанийн ашгийн төлөө Африкийн төрийн удирдлагуудад хээл хахууль өгөхийг завдсан олон сая долларын схемийн улмаас АНУ-ын шүүхээс гурван жил хоригдох ял сонслоо. АНУ-ын шүүгч Геоффри С.Берман түүнийг “ичгүүргүй” гэж хэлжээ.
Хо өмнө нь Нэгдсэн үндэстний байгууллагад ажиллаж байх үедээ танилцсан хүмүүс, холбоо харилцаагаа ашиглан хээл хахууль өгөхийг завдсан байна. “Тэрээр Хятадын эрчим хүчний компанид давуу байдал үүсгэхийн тулд Чад болон Угандагийн удирдлагуудад авлига өгөх схем бий болгосон байсан” гэж Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Хо нь 2014 онд Чад Улсын ерөнхийлөгч Идрисс Дебид бэлэгний хайрцганд нуусан 2 сая ам доллар санал болгон ашиг ихтэй газрын тосны эрхийг Чадын засгийн газраас авч өгөхийг хүссэн байна. Гэвч ерөнхийлөгч энэ саналд нь татгалзаж мөнгийг хандив болгож Чад улсад өгөхийг хүссэн бөгөөд хариуд нь хүссэн зүйлийг нь өгч чадахгүй гэж хэлжээ.
Дараагийн оролдлогоо 2016 онд хийсэн бөгөөд тэрээр 500,000 ам долларыг Угандагийн Гадаад харилцааны сайд Сам Кутесад Нью-Йоркийн банкны системийг ашиглан шилжүүлэхээр зохицуулсан явдал аж. Энэ оролдлогынх нь улмаас түүний хэрэг АНУ-ын шүүхээр шийдвэрлэгдэхэд хүрсэн юм. Тэрээр Кутесаг НҮБ-ын Ерөнхий ассесмблейн дарга байх үед нь анх танилцаж байжээ.
Мөн тэрээр Кутесагийн хамаатан Угандагийн ерөнхийлөгч Евери Мусевенид 500,000 ам долларыг бэлнээр өгөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч энэ мөнгө төлөгдөөгүй бөгөөд Мусевени хүлээн авсан эсэх талаарх нотлох баримт олдоогүй байна.
Хо нь 2002-2007 оны хооронд Хонгконгийн засгийн газрын Дотоод асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хятадын CEFC Чайна Энержи компанийн 100 хувь санхүүжилттэй, НҮБ-д төвтэй нэгэн төрийн бус байгууллагын дарга болсон байна. CEFC Чайна Энержи компанийг 2018 оны 3 дугаар сард Хятадын хууль сахиулах байгууллагууд баривчилснаас хойш ор сураггүй болсон Еэ Жианмин үүсгэн байгуулсан ажээ.
CEFC Чайна Энержи компани нь богино хугацаанд жижиг компаниас дэлхий даяар газрын тос, хий, банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг асар том компани болж чаджээ.
АНУ Хо-г CEFC-ийн үйл ажиллагаа доройтож эхэлсэн үед буюу 2017 онд баривчилсан бөгөөд энэ долоо хоногийн Даваа гарагт 3 жилийн хорих ял оноож баривчлагдсанаас хойш хоригдсон хугацааг нь хасаж тооцох болон 400,000 ам долларын торгууль төлүүлэх шийдвэр гаргажээ.
Одоогоор CEFC Чайна Энержи компани өөрийн хөрөнгийн ихэнхийг зарсан бөгөөд Хятадын төрийн өмчит нэг компани олон улс дахь хөрөнгийг нь удирдан ажиллаж байна.