Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.03.28) сэтгүүлчдэд өчигдөр батлагдсан хуулийн нэмэлт заалтуудын талаар тайлбар өглөө.
Тэрээр “Хуулийн хэлэлцүүлгийн явцад гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж баахан ярьсан. Үндсэн хууль зөрчсөнийг гишүүд мэдэхгүй, цэц мэднэ. Одоо бодвол маргаан нь очиж байгаа байлгүй. Үндсэн хууль зөрчөөгүй талаар хэлэлцүүлгийн явцад би тайлбарласан.
Томилгоо хийдэг эрх бүхий хүмүүст нь зөвлөмж хүргүүлж байгаа болохоос, ҮАБЗ томилгоог нь хийж байгаа хэрэг ерөөсөө байхгүй.
Тухайлбал, прокурорын тухай хуулийн 46.6-д зааснаар ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ ийм алдаа гаргасан байна гээд ҮАБЗ зөвлөмж гаргаад прокурорыг томилдог хүнд нь өгнө. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө. Харин огцруулахдаа Ерөнхийлөгч зөвшилцөхгүй. Ерөнхийлөгч зөвлөмж зөв байна гэж үзвэл Ерөнхийлөгч прокурорыг огцруулна. Гэхдээ дангаараа шийднэ. Дараагийн прокурорыг томилохдоо УИХ-д анкетыг нь оруулна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл шийднэ. Тэгээд Ерөнхийлөгч шийдвэр гаргана. Түүнчлэн “ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон.
Хууль шүүхийн байгууллагын 27 жилийн хүн тамлах үйл ажиллагаа зогсоогүй. Хуулийн байгууллагад ард иргэдийг итгэлгүй болгож, улмаар төрд итгэлгүй болгож байна. Энэ үүднээс ҮАБЗ оролцож эхэлж байна” гэв.
Ийнхүү УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.