Иргэдийн, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим орчинд тасралтгүй цацагддаг.
Өчигдөр гэхэд фэйсбүүк сүлжээнд УИХ дээр Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуулийн өөрчлөлт МАНАН бүлэглэл бужигнуулж байна. УИХ-аар энэ хуулийг хэлэлцэж байх яг энэ үе /2019.3.27. 16:25:/ д энэ бүлэглэлийн толгой улстөрчдийн тоонд багтдаг УИХ-ын дарга асан М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яаралтай “шуурхай” зарлан уулзалдсан байна.
Тэд өндөр хамгаалалтын дор Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байдаг УИХ-ын гишүүн, “Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Новотел” зочид буудалд уулзлаа гэсэн мэдээ тарсан байв.
УИХ дээр хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан хуульчид, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа. Ийм цагаар сөрөг хүчний намын дарга, УИХ-ын гишүүн хоёр уулзах нь ердийн нэг хэрэг. УИХ-ын гишүүд АН, МАН гэхгүй Төрийн ордонд чөлөөтэй уулзаж л байдаг. Ийм уулзалтуудыг бүгдийг нь хамаад сенсааци дэгдээгээд байх нь хоосон сүр төдий зүйл болох байх.
Нөгөө талаар уулзалт болсон байлаа гэхэд эндээс С.Эрдэнэ, М.Энхболд нарыг хэн мөрдсөн бэ гэсэн асуулт урган гарна. Ингэхэд тэднийг хэн нэгэн яагаад мөрдсөн байх вэ? Ийм хууль бус үйл ажиллагаагаа дагаж мөрдсөн тэр этгээд өөрөө олон нийтэд дэлгээд өөрийгөө илчилсэн болж таарах гээд байна уу.
Ямар нэгэн уулзалт болсон ч байсан, болоогүй ч байсан уулзалтыг улстөржүүлж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх өнгөөр цацаж байгаа нь өөрөө өнөөдрийн Монголын нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнөөдрийн байдлаар “Хэргийн эзэд” ийм уулзалт болоогүй гэдгийг албан ёсоор хэлж эхэлжээ. М.Энхболд гэхэд “М.Энхболд Ц.Элбэгдоржтой 2018 оны наадмаас хойш уулзаагүй” гэдгээ хэлсэн байна.
Улс төрийн намууд үзэл бодол, шийдвэрийн хувьд эрс тэс байр суурь баримтлах нь бий ч, улстөрчдөө хооронд нь уулзахгүй болтол муудалцуулах шалтгаан жирийн иргэдэд байхгүй. Хэн нэгэн хүн хувийн хуудсаа идэвхжүүлэх бодлоор, хүмүүсийн гайхшийг төрүүлэх зорилгоор ямар ч мэдээлэл түгээж болно.
Гэхдээ энэ мэдээ нь цөөхөн монголчуудыг хагаралдуулах шалтгаан байж болохгүй. Ийм энгийн ойлголтыг хэтэрхий их сенсааци хөөдөг хүмүүс бас ойлгоод авах нь чухал гэдгийг энэ мэдээлэл дахин харуулав.
.